С.Чулуундулам: Зөвхөн нэг автобусаар сая км замыг туулахдаа ганц ч зөрчил гаргалгүй, "Саятан жолооч” болсон /ВИДЕО/

С.Чулуундулам: Зөвхөн нэг автобусаар сая км замыг туулахдаа ганц ч зөрчил гаргалгүй, "Саятан жолооч” болсон /ВИДЕО/

Үүрийн жингээс, үдшийн бүрий болтол хотын нэг захаас нөгөө зах хүртэл халуунд халж, хүйтэнд хөрж, иргэд олноо тээвэрлэн, зорьсон газарт нь хүргэх эрхэм хүндтэй, чамгүй хүнд бэрх үүрэг зөвхөн автобусны жолооч нар оногдсон байдаг.

Энэхүү эрхэм хүндтэй ажил үүргийн эзэн, 30 гаруй жил энэ салбарт хүчин зүтгэж, ажил амьдралаа авч яваа С.Чулуунбат ахыгаа энэ удаад онцлон ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын II баазын жолооч юм. Мэргэжилдээ эзэн, тууштай, хөдөлмөрч нэгэн гэдгийг түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, авч байсан гавьяа шагнал болоод хамт олон нь хэлж байлаа. Энэ салбарын түүчээлэгч нар гэвэл түүнийг нэрлэх нь зүйн хэрэг биз ээ. 30 гаруй жил ажилласан тнөр их хөдөлмөрийг төр засаг ч өндрөөр үнэлж, шагнал урамшуулал, цол тэмдгийг багаас эхлээд томыг нь хүртэл олгожээ. Хариуцлагатай, осол эндэгдэлгүй, ард олон, ажлаа гэсэн чин сэтгэлтэй хүнээс төр юугаа ч харамлах билээ. Түүнд шагнал урамшуулал ч бороо шиг асгарсан гэнэ.

Тодруулбал тэрбээр:

  • 2010 онд "Осолгүй манлай"
  • 2011 онд "Онц тээвэрчин"
  • 2012 онд Зам тээврийн яамны жуух
  • 2015 онд Нийслэлийн аварга жолооч
  • 2015 онд Нийслэлийн засаг даргын жуух
  • 2016 онд Байгууллагын аварга
  • 2017 онд "Шилдэг жолооч"
  • 2021 онд байгууллагын аварга
  • 2021 онд Алтангадас одон
  • 2023 онд "Манлай тээвэрчин"
  • 2023 онд анхны "Саятан жолооч" шагналыг тус тус хүртжээ.

Түүний алдар гавьяаг тоочвол дуусахгүй их. Анхны шагнал болох "Осолгүй манлай" цолыг ганц ч тээврийн осол хийж байгаагүй хэмээн шагнуулж байсан бол зөвхөн нэг нийтийн тээврийн хэрэгслээр сая км замыг туулсан гэж 2023 онд "Саятан жолооч" гэх эрхэм хүндтэй алдрыг анхлан хүртсэн нэгэн болжээ.

"Олон хүний амь насыг тээж явдаг учир нийтийн тээврийн жолоочид гэдэг маш няхуур, хянамгай мөн ажилч хөдөлмөрч байж, ямар ч мэргэжлийг эзэмшсэн тухайн мэргэжилдээ эзэн нь байх ёстой" гэж ярих түүний ярианаас үнэхээр л олон жил ажилсан, ажлаа мэддэг "Онц тээвэрчин"-ий өнгө аяс харагдана. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу? Та юун түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу? Аль нутагт төрж өссөн бэ? Аав ээж нь бас хаанахын хүмүүс байв?

Намайг Сэнгэдоржийн Чулуундулам гэдэг. "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн 2 дугаар баазын жолооч хийдэг. Нийтийн тээврийн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Манай аав Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул. Ээж маань Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн. Би өөрөө Улаанбаатар хотод 1971 онд төрсөн.

-Анх аав ээж маань зөвшөөрдөггүй хулгайгаар л унадаг байлаа-

-Нийтийн тээврийн салбарт хэдэн настайгаасаа ажиллаж эхэлсэн бэ? Жолооч гэдэг мэдээж хүнд бэрх ажил шүү дээ. Ягаад чухам энэ мэргэжлийг сонгох болов? Гэр бүлийнхэн нь анх хэрхэн хүлээж авч байсан бэ?

Анх нийтийн тээвэрт 22 настайгаа л ажиллаж эхэлсэн. Одоог хүртэл тасралтгүй 30 жил ажиллаж байна даа.

Анх аав ээж хоёр огт зөвшөөрдөггүй байсан. Би бараг хулгайгаар л унадаг байлаа. Нийтийн тээвэр унаж эхлээд долоо хоногийн дараа л аавдаа баригдсан. 1990-ээд онд Монголын нийгэм, эдийн засаг их хэцүү байсан үе л дээ. Тэр үед ганц автобусны жолооч л гэж айхтар мэргэжил олддог байсан. Мөнгө төгрөг ховор. Тэгээд л ажил хийж мөнгө олъё, аав ээждээ тусалъя, баярлуулъя гэж бодоод л автобусны жолооч болсон доо. Манай аав өөрөө 1950-аад онд автобус барьдаг байсан юм билээ. Тэгээд намайг жолооч болно гэхэд "Хамгийн хэцүү ажил, эрсдэл ихтэй, ядарч зүдэрнэ" гэж хэлээд их эсэргүүцсэн. Ер нь сайн талыг нь биш, муу талыг нь яриад л үр хүүхдээ аль болох л сайн сайхан мэргэжилтэй болоод сайн яваасай л гэж хүссэн юм шиг байгаа юм. Ааваасаа зөрсөөр байгаад нийтийн тээврийн жолооч болсны ачаар аавынхаа нэрийг өндөрт өргөөд, сайхан л явж байна. Анх "Авто тээврийн нэгтгэл"-ийн 70 жилийн ойгоор байгууллагын уралдаанд нэгдүгээр байранд ороод л шагналаа аав ээждээ өгч байсан даа. Тэр маань одоо бодоод байхад их сайхан дурсамж шүү.

-Танд бас мэдээж багш бий л байх. Та багшйнхаа тухай ярихгүй юу? Мөн энэ салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай, салбарынхаа сайн мууг мэддэг хүнийн хувьд олон шавь байдаг байх. Энэ талаараа ярихгүй юу?

Манай багшийг н.Насандэлгэр гэдэг. Авто нэгтгэлийн автобусанд анх дадлагаар очоод шууд л багшийнхаа шавиар орсон. Багшаараа их л бахархдаг даа. Их ч юм сурсан. Одоо гэхдээ багш маань бурхны оронд бий. Би бол шавь нартаа, дүү нартаа өөрийн энэ олон жилийн туршлагаасаа хуваалцаж, замын хөдөлгөөндөө алдаа дутагдал гаргалгүй, аюул осолгүй бологоомжтой оролцохыг л их захьдаг. Анхлан сурлцагчдыг эхлээд хоосон тэрэг бариулаад зааж сургана. Маш сайн сургасны үндсэн дээр хүн тээвэрлэх эрхтэй болно доо.

-Монголын анхны "Саятан жолооч"-

-Таны авсан хамгийн эрхэм хүндтэй шагнал юу байсан бэ? Бас анхны "Саятан жолооч" болсон шүү дээ. Саятан жолооч гэхээр бас зарим хүмүүс сайн ойлгохгүй байж магадгүй. Та саятан жолооч гэж ямар хүн байдгийг тайлбарлаад өгөхгүй юу?

"Саятан жолооч" гэдэг нь зөвхөн нэг автобусаар сая км замыг туулсан гэсэн үг.

Намайг "Саятан жолооч" болгосон тэр автобусаа яг вагоноос буухад нь унаж эхлээд тасралтгүй 13 жил нэг сар 27 хоног явсан байдаг юм.

Би бол гавьяат л гэж бодож, их бахархаж явдаг даа. Анхны саятан манай баазаас тодорлоо гээд дарга нар баярлаж байхад, би ч бас баярлаад сайхан л байлаа. Манай хоёрдугаар баазаас н.Хүрэлбаатар, н.Алтанбагана, нэгдүгээр баазаас н.Отгонбаатар нар аравдугаар сарын сүүлээр миний дараа саятан жолооч болж байсан.

-Автобусны жолоочийн хувьд нөгөө ээлжийнх нь жолооч бас их чухал байх. Нэг л автобус унаж байгаа учир гар нийлж, ойлголцож байж л ажиллах байх. Та ээлжийн жолоочийнхоо талаар ярихгүй юу?

Манай ээлжийн жолоочийг н.Чулуунбат гэдэг. Бид 2023 оны нэгдүгээр сараас эхлээд нэг автобус унаж байгаа. Мундаг хөдөлмөрч, цэвэрч нямбай хүн дээ. Ээлжийн жолооч гэдэг чинь хамгийн гол нь нэг нэгэнтэйгээ ярилцаж, сайн муугаа маш сайн хэлэлцэх хэрэгтэй. Бараг гэр бүлээсээ илүү дотно харилцаатай байж л энэ тэргийг авч явна шүү дээ.

н.Чулуунбат таны хувьд хамтрагчаа хэдэн үгээр илэрхийлбэл ямар хүн бэ? "Саятан жолооч"-той ажиллана гэхээр бас л их зүйл сурч мэддэг байх тийм үү?

С.Чулуундулам ахтайгаа ажиллахад их сайхан байдаг. Их хөдөлмөрч хүн шүү дээ. Нэг автобусаар явдаг болохоор нэг хүн шиг л амь нэгтээ байдаг. Маргаашийн ажил, өнөөдрийнхөө болсон юмыг захиж ярина. Миний хувьд "Саятан жолооч"-той ажиллаж байгаа нь нэр хүндийн хэрэг гэж боддог. Их л үлгэр дуурайлал авч явдаг даа ахаасаа.

-Таны анх ажиллаж эхэлж байх үед нийгмийн байдал ороо бусгаа, эдийн засаг хүндрэлтэй байсан үе шүү дээ. Таны анхны цалин ер нь хэдэн төгрөг байсан бэ? Анхны цалингаараа юу авч байв?

Анхны цалингаараа Дэнжийн мянгаас нэг бэлтгэлийн хувцас авч байлаа. Бүр алхаж, зорьж очоод авсан. Ойролцоогоор 600 төгрөг байсан билүү дээ. Маш их мөнгө байсан даа.

-Гэр бүлийн хүнийг нь хэн гэдэг вэ? Ханийхаа тухай ярихгүй юу? Нийтийн тээврийн жолооч хүн гэдэг өглөө үүрээр гараад л үдшийн бүрийгээр харьдаг ажил шүү дээ. Гэр бүлийнхэн нь таны ажилд хэр ханддаг вэ?

Миний ханийг Б.Нарантуяа гэдэг. Завхан аймгийн шилүүстэй суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар эмнэлэгт дүн бүртгэлийн эмч хийдэг. Би бол оройн ээлжинд гарахаараа унтуулахгүй шүү дээ. 12:00, 1:00 цаг хүртэл ажил дээрээ байна. Өглөө 4:40 гэж босоод л түчигнэчихнэ шүү дээ. Орой ирэхэд манай бага ч юм уу том ч юм уу хоол халаагаад хүлээгээд сууж байдаг. Ер нь л ажлыг маань их дэмждэг дээ.

-Ганц ч осол аваар гаргалгүй 30-аад жил автобус унаж "Осолгүй манлай" цол тэмдгийг хүртсэн-

-Хүн ер нь амжилттай болсон анхны юм бүхнээс их урамшдаг шүү дээ. Таны хувьд анхны шагнал ямар шагнал байсан бэ?

Хамгийн анх Замын цагдаагийн газраас надад 2010 "Осолгүй манлай гэдэг шагнал өгч байсан. Энэ нь ямар нэгэн зам тээврийн осол гаргаагүй, хүний өөрийн машин гэмтээгээгүй, даатгалын буцаан олголт гэж аваагүй гэсэн үг. Замын цагдаагийн зургаан дүүрэгт ямар нэгэн бүртгэлгүй. Аль болох л хянуур явахыг хийчээдэг. 8 настайгаас 80 настай буурал хүртэл тээвэрлэж яваа хүн учир аль болох алдаа дутагдал гаргачихгүй юмсан гэж бодож явдаг даа. "Осолгүй манлай" шагналыг аваад дотроо "Хөөх ийм том шагналыг надад өгч байгаа юм байхдаа" гээд тухайн үедээ их л гайхаж байлаа. Түүнээс хойш шагнал гэдэг чинь ёстой бороо шиг асгарсан даа.

-"Саятан жолооч" болгосон автобусаа актлаад шинэ автобустай болсон байна тийм ээ. Энэ тэргэндээ хэр дасаж байна?

Жолооч хүн учраас энэ тэргээ шинээр нь бариад хоёр гурван км яваад л дасаад, гарт орсон доо. Эзэмшсэн мэргэжил юм болохоор тэгээд өөр л дөө.

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар осол эндэгдэл гарах нь маш их байдаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

Ёс зүүгүй жолоочид маш их байна. Олон хүний амь нас тээж яваа шүү л гэж бодож, хашир явах хэрэгтэй.

Дүрмээ л баримтлаад л явж байхад ямар нэгэн алдаа осол, аваар эндэгдэл гарахгүй шүү дээ.

Зарим жолоочид бол арай дэндүү явдаг байхгүй юу. Тэрэнд нь бас жаахан харамсаж явдаг. Гэхдээ манай байгууллага бол тогтсон дэг жаяг ёстой. Сургалт семинарт суулгана, сэтгэл зүйг нь бэлдэнэ. Шат дараалсан сургалтын үйл ажиллагаатай сайн жолооч нартай болохоор дүү нараараа бас л их бахархаж явдаг.

-Жолооч хүн гэдэг гол ямар мөн чанартай байх ёстой вэ? Мөн нийт жолооч нартаа хандаад замын хөдөлгөөнд зөв соёлтой, боловсон оролцох талаар уриалга хүргэхгүй юу?

Хамгийн гол нь уйгагүй, сэтгэлээрээ, хөдөлмөрч байх хэрэгтэй. Тэгж байж л энэ автобус чинь сая км явж байгаа байхгүй юу. Автобусанд ямар нэгэн эвдрэл гэмтэл гарлаа гэхэд нойр хүрэхгүй. Өглөө үүрээр ирээд л янзалдаг. Нийт жолооч нар минь замын хөдөлгөөндөө соёлтой, ямар нэгэн алдаа дутагдал гаргахгүй бие биендээ хүндтэглэтэй хандаж явья гэж л хэлмээр байна.