СУРВАЛЖИЛГА: Анхны зураг төслөөсөө зөрүүтэй хийгдсэн Яармагийн нүхэн гарцны бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа ч эвдрэл, гэмтэл үүсч эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: Анхны зураг төслөөсөө зөрүүтэй хийгдсэн Яармагийн нүхэн гарцны бүтээн байгуулалтын ажил дуусаагүй байгаа ч эвдрэл, гэмтэл үүсч эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд Яармагийн зам бол авто осол хамгийн ихээр бүртгэгддэг байршил. Иймд  явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага, хүсэлтэд тулгуурлан Хан-Уул дүүргийн нутаг, Наадамчдын гудамж, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарц барих ажлыг өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нд эхлүүлсэн юм.

Гэвч нүхэн гарцны бүтээн байгуулалт бүтэн жил тойрч одоог хүртэл бүрэн дуусаагүй байна. Мөн анхны зураг төслөөсөө зөрүүтэй хийгдсэн нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа юм.

ВИДЕО:


Энэхүү нүхэн гарцны талаар сонирхуулахад нийт 37.5 метр урт, зургаан метр өргөнтэй, битүү дээвэртэй, шилэн фасадтай юм. Мөн Явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй, хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой хийсэн байна. Гэвч газар дээр нь очоод үзэхэд бага зэргийн болхи хийцтэй, бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй байхад эхнээсээ будаг, гэрэл нь халцарч ховхроод эхэлсэн, анхны зураг төслөөсөө зөрүүтэй, бага зэргийн бохир байгаа нь харагдаж байлаа. Мөн гэрэлтүүлэггүй харанхуй хонгил л биднийг угтсан юм.

Биднийг сурвалжилга бэлтгэхээр очиход нүхэн гарцны гадна талын явган зорчигчын замын ажил үргэлжилж байлаа. Замын ажил хийж байсан ажилчдаас хэзээ бүрэн дуусах болон энд хэр удаан ажиллаж байгаа талаар асуухад бидэнд мэдээлэл өгөхөөс тагалзсан юм.

Харин ойролцоо ажиллаж буй хот тохижилтын ажилтнаас тодруулахад, “Энэ нүхэн гарцны гадна талын явган хүний замыг сайн индүүдээгүй учраас бороо орохоор доошоо суугаад байдаг юм. Одоо ахиухан бороо орвол дахиад л доошоогоо суучихна. Бараг өдөр болгон л бороо орсны дараа янзлаад л байх юм байна шүү дээ” гэсэн юм.

Тэгвэл тус нүхэн гарцны бүтээн байгуулах ажлын тендер 2021 оны зургаадугаар сард зарлагдаж “Туулын гүүр далай” ХХК шалгарсан байдаг. Уг төсөлд нийт 2 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Энэ бол өмнө нь хаана ч байгаагүй өндөр ханш билээ.

Нийслэлийн хэмжээнд 20-р дэлгүүрийн урд, Сансарын тунель, Багшийн дээдийн нүхэн гарц гээд гурван нүхэн гарц бий. Эдгээр нүхэн гарцыг ойролцоогоор 1.5 тэрбум төгрөгийн төсвөөр барьж, 3, 4 сарын хугацаанд бүрэн ашиглалтанд оруулж байжээ. Гэвч хамгийн их төсөвтэй уг нүхэн гарц яагаад зураг шигээ хийгдсэнгүй вэ? Бид барилгын ажил яагаад удааширч байгаа болон анхны зураг төслөөсөө өөр байгаа талаар “Туулын гүүр далай” ХХК-ийн ажилтнаас тодруулахад,

“Яг ч Есдүгээр сард ашиглалтанд орно гээгүй. Жаахан өрөөсгөл ойлголт байгаа юм. Наймдугаар сарын 20-н хүртэл авто зам доогуурх тунелээ хийгээд, 11 дүгээр сард нийт бүтээн байгуулалтыг хийж ашиглалтанд оруулна гэсэн гэрээтэй байсан. Гадна талын том шилэн пассад нь өмнө жил хил хаалттай байснаас болж, 11 дүгээр сарын сүүлээр орж ирээд бид 12 дугаар сард хийгээд он дөнгөж гарангуут хөдөлгөөнийг нь нээсэн. Яг 12 дугаар сарын сүүлээр хүмүүсийг бүрэн зорчуулаад эхэлсэн байсан. Одоо дотор талын пассадыг хийж байгаа. Ойрын 10 хоногтоо дотор талыг нь л хийгээд, зураг шиг нь ханыг нь гял цал болгоод дуусгана. Ажлын зургийг бид нар гаргасан. Гэхдээ яг тэр зураг бол буруу зураг шүү дээ. Яг тийм болохгүй. Тэр чинь зүгээр тиймэрхүү болно гэж чиглэл болгож тавьсан юм. Тэр дотор талын халцарч, ховхорсныг нь бид хүлээлгэж өгөхдөө янзалчихна аа. Тэгээд энэ сарын сүүлээр ашиглалтанд орно гэсэн юм.

Ямартай ч Нийслэлийн төсвийн 2 тэрбум төгрөг зарлагадаж хийсэн Яармагийн нүхэн гарц иргэдийн хүсэж, хүлээж байсан шиг болохгүй ч, тун удахгүй тохижилтын ажил бүрэн дуусах бололтой.