Х.Нямбаатар: Голын ай савд барьж, усны урсацыг хумьсан аж ахуйн нэгж байгууллагуудаас иргэний журмаар хохирол нэхэмжилнэ

Х.Нямбаатар: Голын ай савд барьж, усны урсацыг хумьсан аж ахуйн нэгж байгууллагуудаас иргэний журмаар хохирол нэхэмжилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.16/ боллоо. Хуралдаанаар нийт 25 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаас Улаанбаатар хотод тулгамдаад буй гамшгийн эрсдэл болон Монгол Улсын хэмжээнд болж буй гамшгийн нөхцөл байдлыг цогцоор нь хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн үүнтэй холбогдуулан газрын мэдээллийн сан, газар зохион байгуулалтад авах цогц шийдлийн талаар тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар, "Зуны туршид Улаанбаатар хотод үер усны гамшиг тохиолдсонтой холбогдуулан эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хор хохирлыг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж баталлаа. 

Газрыг цэгцтэй нэгдсэн байдлаар олгох, өмнө нь замбараагүй олгосон газрыг эргэж харах, цуцлах, хүчингүй болгох суурь харилцааг шингээсэн Газрын тухай хуулийг өргөн барина. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд харьяалж, энэхүү агентлагаар газар олголтын нэгдсэн бодлогыг явуулж, эмх цэгцэд нь оруулах шаардлага байна гэж үзэж байгаа. Тиймээс тус газрыг  Ерөнхий сайд өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах чиглэл өглөө. 

Тусгай хэрэгцээний, нийтийн эдэлбэрийн, зам шугам сүлжээний, ойн усны сан бүхий газар, хамгаалалтын бүсүүдэд хууль тогтоомж зөрчин газар олгож, эзэмшиж, барилга барьсан асуудлыг судалж, холбогдох байгууллагууд шалгалт явуулахаар боллоо. 

Үер усны аюулаас учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагууд нэгтгэхээр ажиллаж байна. Гамшгийн аюулыг бууруулах, нөхөн сэргээх ажлууд одоогоор хийгдэж дуусаагүй байгаа. Гүүр, барилга байгууламжийг нөхөн сэргээх ажил хийгдэнэ.

Онцгой байдлын ерөнхий газраас шинжээч томилогдож, үер уснаас үүссэн хохирлыг нутаг дэвсгэр бүрээр тогтооно. Тодорхой байршилд голын ай сав газарт баригдаж, усны урсцыг хумьж далан шуудуу босгосноос шалтгаалж ойр орчимд гамшиг учруулсан ААН, байгууллагаас иргэний журмаар хохирол нэхэмжлэх асуудлыг тодорхой албан тушаалтнуудад даалгалаа" гэсэн юм.

ШУУД: