ВИДЕО: “Бээжинд суралцаж ирээд Монголынхоо зам тээврийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулахыг хүсэж байна”

ВИДЕО: “Бээжинд суралцаж ирээд Монголынхоо зам тээврийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд хувь нэмэр оруулахыг хүсэж байна”

“Зам, тээврийн салбарт 50 мянга орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт” хэмээн ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.08.17/ мэдээлэл өгсөн.

Үүний дараа тэрбээр  “Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулахаар ирээдүйн залуу боловсон хүчнээ бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн 42 хүүхэд өнөөдөр /2023.08.18/ суралцах батламжаа гардаж авлаа. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой” гэсэн юм.

Иймд бид Зам тээврийн ирээдүйн боловсон хүчин болж, эх орондоо ихийг хийж бүтээх зорилго тавин Хятад улсын Бээжин хотыг зорьж буй суралцагчдын сэтгэгдлийг хуваалцлаа.

ВИДЕО:

Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн суралцагч Б.Мөнхжаргал

-Би Улсын тэргүүний 33 дугаар сургуулийг төгссөн. Манай ээж судлаад энд нэг Зам тээврийн яамны тэтгэлэг байна. Оролдоод үзвэл ямар вэ гэж санал болгосон. Тиймээс би гадагшаа явж суралцаж үзэхээр шийдэж, судалж байгаад шалгалт өгсөн. Миний хувьд шалгалт өгч байхдаа маш их сандарч байсан. Дараа нь тэнцсэн гэсэн хариу аваад маш их баярласан. Тэр үед надаас илүү манай ээж илүү баярлаж байсан. Би Бээжин рүү Төмөр замын инженерээр суралцахаар явж байгаа. Тэндээ амжилттай суралцаж төгсөж ирээд Монголдоо ажиллана гэж бодож байгаа. Миний хувьд  зам тээврийн салбарыг сонгосон нэг шалтгаан нь манай ах дүү нар ихэнх нь зам тээврийн салбараар явж төмөр замд амьдралаа зориулсан хүмүүс байдаг. Тиймээс тэдний хийж бүтээснийг үргэлжлүүлж, илүү хөгжүүлэхийг хүссэн. Миний хувьд манай улсын замууд санаанд нэг их нийцдэггүй. Жаахан хуучны бусад улсын түвшинд хүрээгүй. Энгийн л нэг байгаа юм шиг санагддаг. Зам тээврийн Хятадын сургуульд тэнцсэн бүх хүүхдэдээ баяр хүргэмээр байна. Бүгдээрээ очоод хэлээ сайн сураад, хичээлээ сайн хийгээд, ирээдүйд ихийг бүтээнэ гэдэгт итгэж байна.

Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн суралцагч О.Буянхишиг

-Спортын төв сургуульд 12 дугаар ангиа төгссөн. Тэтгэлэг гэдэг аппликейшн хамгийн анх энэ тэтгэлгийг харсан. Тэгээд ямар ч байсан материалаа өгч үзэхээр шийдэж, шалгалт болон ярилцлагад орсон. Анх мэйл ирсэн.  Тэр эхний шат байсан болохоор бүгдээрээ тэнцсэн байх гэж бодсон. Хоёрдугаар шатандаа тэнцэхгүй байх гэсэн бодолтой байсан ч орж байсан. Тэгээд тэнцсэн гэсэн хариу ирэхэд итгэж чадахгүй маш их баярлаж байсан. Зам тээврийн зохион байгуулалт, зохицуулалт гэдэг мэргэжлийг сонгосон. Төгсөөд монголдоо ажиллаж, монголынхоо төмөр замыг дэлхийн түвшинд аваачихыг маш их хүсэж байгаа. Төмөр зам одоогийн байдлаар хөгжиж дэвшиж байгаа гэж бодож байгаа. Намайг жоохон байхад галт тэргээр явах тийм ч тухтай байгаагүй. Сүүлийн үед хот хооронд явахад ч гэсэн өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдөж тухтай болсон санагддаг.

Зам харилцааны их сургуулийн тэтгэлэгт тэнцсэн суралцагч А.Одонбаатар

-Оюунлаг бүрэн дунд сургуулийн 12 А ангийг төгссөн. Зам тээвэр хөгжлийн яамны фейсбүүк хаянаас нь анх харж байсан. Би өөрөө физикээр дагнаж мэргэжлээ сонгоё гэж бодож байсан. Харин энэ тэтгэлэгт авто тээврийн инженер гэж байсан. Тиймээс болох юм байна гэж дүгнээд анх материалаа өгч байсан. Тэтгэлэгт тэнцсэн гэдэг хариугаа сонсоод нэлээд догдолж байсан. Тиймээс хамгийн түрүүнд өвөө, эмээ, аав, ээж гээд хайртай дотнын хүмүүстэй дуулгасан. Манай зам тээврийн салбар мэдээж том том улсуудтай харьцуулахад арай болоогүй байгаа гэж хардаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна гэж харж байгаа. Бүгдээрээ хамтдаа Монгол Улсаа төлөөлөн суралцаж байгаа учир Хятадад очоод хамтдаа нэгдмэл сэтгэл зүтгэлээр суралцах байх гэж бодож байна. Мөн ирээд ч гэсэн олон жил хамт суралцсан хүүхдүүд хамтран ажиллахад асуудалгүй байх гэж бодож байна.