Энэтхэг Улс сарны өмнөд туйлд судалгааны станц амжилттай буулгасан анхны улс боллоо

Энэтхэг Улс сарны өмнөд туйлд судалгааны станц амжилттай буулгасан анхны улс боллоо

Энэтхэгийн “Чандраян-3” сансрын судалгааны станц саран дээр амжилттай газардлаа. Ингээд Энэтхэг Улс сарны хамгийн бага судлагдсан өмнөд туйлд хөлгөө буулгаж чадсан дэлхийн анхны улс болж байна. 

Үүнээс өмнө АНУ, хуучнаар ЗХУ, мөн Хятад улс Сарны экватор орчимд хөлөг буулгасан түүхтэй. Энэ сарын 11-нд ОХУ-ын хөөргөсөн гараг хоорондын автомат станц “Луна-25” сарны өмнөд туйлын бүсэд буулт хийхийг зорьсон ч хэд хоногийн өмнө саран дээр осолдсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл зургаадугаар сарын 14-нд өмнөд Энэтхэгийн сансрын төвөөс хөөргөсөн “Чандраян-3” хөлөг Энэтхэгийн цагаар лхагва гарагийн 18:00 цагт саран дээр газарджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, “Энэ бол нийт хүн төрөлхтний амжилт. Дэлхийн бүх улс, түүний дотор хөгжиж байгаа орнууд ийм амжилт байгуулах боломж, чадалтай” гэж мэдэгдсэн байна. 

“Чандраян-3” хөлгийн нэг гол зорилго бол саран дээрх мөстлөг ирээдүйд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлж мэдэх усны гаралтай мөс мөн эсэхийг тогтоох явдал юм. Сарны өмнөд туйлд асар өргөн талбай байнгын сүүдэрт байдгаас ус байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг.