Е.Пригожины онгоцыг хөөрөхөөс өмнө "хачирхалтай засвар хийж, түр саатуулсан" гэж үйлчлэгч нь гэрийнхэндээ ярьжээ

Е.Пригожины онгоцыг хөөрөхөөс өмнө "хачирхалтай засвар хийж, түр саатуулсан" гэж үйлчлэгч нь гэрийнхэндээ ярьжээ

"Вагнер" группийг үүсгэн байгуулагч Е.Пригожины зорчиж явсан "Embraer Legacy 600" тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц Москвагаас Санкт-Петербург руу нисч байхдаа Оросын агаараас хамгаалах системээс харавсан пуужинд оногдож, сүйрсэн гэх мэдээллийг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн. 

Мөн түүнийг "онгоцны сүйрлээр амиа алдсан" гэх албан ёсны мэдээлэл гараагүй байхад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, "эмгэнэл илэрхийлж, Е.Пригожин бол авъяаслаг бизнесмэн байсан" гэж мэдэгдсэн юм. Харин "Е.Пригожины онгоцыг унагаах тушаалыг ерөнхийлөгч В.Путин бараг л өгсөн" гэж Америкийн дайныг судлах хүрээлэнгээс мэдэгдсэн. Иймд Кремлын төлөөлөгч Д.Песков болон Белариусын ерөнхийлөгч А.Лукашенко нар "Е.Пригожины үхэлд В.Путин буруутай" гэх мэдээллийг үгүйсгэж мэдээлэл хийгээд байгаа юм. 

Харин өнгөрөгч зургадугаар сарын 24 /2023.06.24/-ны өдөр зэвсэгт бослого зохион байгуулж, ОХУ-ын нийслэл Москва хүртэл "цэргийн марш" хийсэн Вагнер хөлсний цэргийн бүлгэмийг үүсгэн байгуулагч Е.Пригожин энэ үйл явдлаасаа яг хоёр сарын дараа буюу наймдугаар сарын 23 /2023.08.23/-ны өдөр амиа алдлаа. 

Иймд Е.Пригожины үхлийг жирийн нэг онгоцны сүйрэл биш гэж олон хэвлэл мэдээллийг байгууллагууд үзэж байгаа юм. Харин сүйрэл болохоос хэдэн цагийн өмнө онгоцны үйлчлэгч К.Распопова ар гэрийнхэнтэйгээ холбогдож, "онгоцонд хачирхалтай засвар хийж байгаа, харин ямар үйлчилгээ хийж байгааг албаныхан хэлэхгүй байна" гэсэн талаар "24 Канал" суваг мэдээлжээ. Тус онгоцонд нисэх багийн гурван хүнээс гадна, долоон зорчигч явсан гэх мэдээлэл бий. Ямартай ч Е.Пригожины зорчиж явсан онгоцыг Оросын агаараас хамгаалах систем унагасан, эсвэл онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэх хоёр таамаглалыг дэвшүүлээд байна. 

Эх сурвалж: Varlamov news