“Фүкүшима-1" АЦС-ын ойролцоогоос барьсан загасны дээжээс ямар нэгэн хорт бодис илрээгүй гэж мэдэгдлээ

“Фүкүшима-1" АЦС-ын ойролцоогоос барьсан загасны дээжээс ямар нэгэн хорт бодис илрээгүй гэж мэдэгдлээ

Цацраг идэвхит бодисоос цэвэрлэсэн усыг энэ долоо хоногт далайд асгаж эхэлснээс хойш “Фүкүшима” атомын цахилгаан станцын /АЦС/ ойролцоогоос барьсан загасны эхний дээжээс илрүүлж болох хэмжээний тритий илрээгүй гэж Японы Засгийн газар мэдэгдлээ. 

НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага усыг далайд асгах ажиллагааг олон улсын аюулгүй байдлын стандартад нийцсэн гэж мэдэгдсэн юм. Харин байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар орон нутгийн загасчид болон хөрш зэргэлдээх зарим орны зүгээс санаа зовниж буйгаа илэрхийлж байсан боловч тэдгээрийг үл харгалзан пүрэв гаргаас усыг далайд асгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Загасны дээжийг баасан гарагт “Фүкүшима-1” цогцолборын ус зайлуулах цэгийн эргэн тойрны 5 км-ийн бүсээс цуглуулсан гэж Загас агнуурын агентлаг цахим хуудсандаа мэдээлжээ. АЦС-д хуримтлагдсан усыг хайлсан цөмийн түлшийг хөргөхөд ашигладаг байсан бөгөөд тритийгээс бусад ихэнх цацраг идэвхт бодисыг гадагшлуулсан байна.

Улмаар үлдсэн тритийг Японы аюулгүй байдлын стандартын дагуу зөвшөөрөгдсөн агууламжийн 1/40 хүртэл шингэрүүлж, 2011 оны гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн улмаас сүйрсэн АЦС-аас 1 км-ийн зайд байрлах усан доорх хоолойгоор Номхон далайд цутгаж байгаа юм.

Загас агнуурын агентлагийн мэргэжилтнүүд сар орчмын хугацаанд өдөр бүр загасны дээжийг цуглуулан шинжилж, үр дүнгийн талаар мэдээлэл өгөхөөр төлөвлөж байгаа аж.




Өнөөдөр үхэр өдөр

32 минутын өмнө