“Disney” компани Монгол дахь телевизийн сувгуудаа хаахаар болжээ

“Disney” компани Монгол дахь телевизийн сувгуудаа хаахаар болжээ

“Disney” компани хэрэглэгчдэд шууд хүрэх стриминг үйлчилгээнд /D2C/ түлхүү анхаарал хандуулах гэж байгаа учраас Зүүн Өмнөд Ази, Хонконг, Тайвань, Өмнөд Солонгос, үүний дотор Монголд гарч буй зургаан сувгийн нэвтрүүлгийг зогсоохоор болжээ.

Үүнд, “National Geographic”, “National Geographic Wild”, “Star Chinese Movies”, “Star Chinese Channel”, “Star Movies”, “Star World”, “Baby TV” гэсэн сувгууд багтаж байна. Телевизийн сувгийн үйлчилгээг Зүүн Өмнөд Ази /Монгол/, Хонконг, Өмнөд Солонгост ирэх есдүгээр сараас, Тайваньд 12 дугаар сар гэхэд хаахаар төлөвлөсөн байна. Хэрэглэгчид дээрх сувгуудын контентыг үүнээс хойш олон суваг дамжуулах үйлчилгээгээр бус “Disney+” болон Хятадаас бусад Ази-Номхон далайн орнуудад бүрэн нэвтрээд буй “Disney+ Hotstar” стриминг үйлчилгээний платформуудаас үргэлжлүүлэн үзэх боломжтой. Эдгээр платформ нь “Disney”, “Pixar”, “Marvel”, “Star Wars”, “National Geographic” болон “Disney”-н энтертайнментийн брэнд болох “Star”-ын кино, шоунуудыг нэвтрүүлдэг стриминг үйлчилгээ билээ.

Мөн компанид ойр эх сурвалжуудын ярьснаар “Disney” групп нь цаашид телевизийн үйлчилгээ бус медиа болон үзвэр үйлчилгээний бизнест хамаарах стриминг, театр, хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүнүүд, сэдэвчилсэн парк зэргийг өргөжүүлэхийг зорьж байна гэжээ.

“Disney” өмнө нь 2020, 2021 онуудад үүнтэй төстэй алхмуудыг хийж, зарим сувгуудыг буулгаж байсан юм. Тухайлбал, 2020 онд Тайваньд спортын сувгуудаа, 2021 оны есдүгээр сард “Fox”, “Fox Crime”, “Fox Life”, “FX”, and “Channel V”, мөн киноны “Fox Action Movies”, “Fox Family Movies”, “Fox Movies”, “Star Movies China”, спортын “Fox Sports”, “Fox Sports 2”, “Fox Sports 3”, “Star Sports 1”, “Star Sports 2”, хүүхдийн нэвтрүүлгийн “Disney Channel”, “Disney Junior”, баримтат нэвтрүүлгийн “Nat Geo People”, “SCM Legend” сувгуудыг хааж байв. Эдгээр сувгийн дийлэнхийг “Disney” групп 2018 онд “21st Century Fox” компанийг худалдан авснаар өөрийн эзэмшилд оруулжээ.

Зүүн Өмнөд Азийн хамгийн том таван зах зээлд /Индонез, Тайланд, Малайз, Сингапур, Филиппин/ SVOD хэрэглэгчдийн тоо энэ оны эхний улирлын эцсийн байдлаар 49 саяд хүрснийг “Media Partners Asia” судалгааны байгууллагын мэдээлэл харуулж байна. Тус байгууллагын тооцоолсноор, эхний улиралд хэрэглэгчийн тоогоор нь стриминг платформуудыг эрэмбэлбэл “Disney+”, “Disney+ Hotstar” /9.4 сая/, “Viu” /8.5 million/, “Netflix” /8.0 сая/, “Prime Video” /1.3 сая/ хэрэглэгчтэй байжээ. Харин орлогоор нь авч үзвэл өөр үзүүлэлт гарах магадлалтай. Сүүлийн үеийн бусад тайлан мэдээнээс үзэхэд, АНУ-д бүтээсэн контент нь тус бүс нутагт дүрс бичлэгийг үзэх хугацааны ердөө 20 хувийг эзэлдэг бол Өмнөд Солонгосын контент 30 хувийг эзэлж байна. Гэсэн хэдий ч стриминг платформоо нээснээс хойш “Disney” Азийн дотооддоо бүтээдэг контентын чухал хөрөнгө оруулагч болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ