2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэлтэй холбогдуулан Боловсролын яамнаас мэдээлэл хийж байна.
Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил хангагдаж маргаашаас ЕБС, цэцэрлэгийн хичээл эхэлнэ. Их дээд сургуулиудын хичээл наймдугаар сарын 28-аас эхэлсэн. Есдүгээр сарын 4-ны өдрөөс эхлээд насан туршийн суралцахуй, МБСТ-үүдийн хичээл эхэлнэ. Энэ хичээлийн жилийн зорилго зорилт бол
- Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсрол
- Мэргэжлийн болон техникийн боловсрол
- Дээд боловсрол
- Насан туршдаа суралцахуй
гэсэн дөрвөн чиглэлээр онцлогийг тусгасан зорилго зорилтууд батлагдсан. Бид энэ онд цэцэрлэг сургуулийн менежментийг сайжруулах замаар сургалтын чанарт ахиц гаргах зорилго дэвшүүлсэн. Мөн өмнөх хоёр удаагийн боловсролын хөндлөнгийн үнэлгээ дээр тулгуурлан харьцуулалт хийж сургалтын чанарыг нэмэгдүүлэх зорилго чиглэлээр ажиллана. Мөн 2023-2024 оны хичээлийн жилд бид боловсрол эрх зүйн хуулийн цоо шинэ орчинд ажиллана. Тиймээс нэгэнт батлагдсан хуулийн хэрэгжилтийг салбар бүрд хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт байх болно. Энэ хичээлийн жилд бид нийслэлийн дүүрэг бүрд хоёр хүртэлх ахлах сургуулийг хуулийн үзэл баримтлалд тулгуурлан байгуулж ажиллуулах үүнтэй холбогдуулан дээд боловсролын байгууллагуудыг нэгтгэх, зарим сургуулийг татан буулгаж чанар гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Шинээр баталсан боловсролын салбарын багц хуулийг нэг мөр ойлгон, түвшин бүрд хуулиа хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь тэргүүний зорилт. Тухайлбал, нийслэл, дүүрэг бүрд 2 хүртэл ахлах сургууль байгуулах, үүнтэй уялдуулаад мэргэжлийн сургуулиудыг хамруулах, зарим сургуулийг татан буулгана. Улсын хэмжээнд ЕБС-д томоохон флатформуудыг нэвтрүүлж, хүүхэд, оюутан залуусын сурч хөгжих эрх, хамгаалалд илүү анхаарна. Дотуур байр, номын сангийн үйлчилгээний талаар зорилтдоо тусгасан. Мөн өнгөрсөн онд 10 мянган хүүхэдтэй нээгдэж байсан "Мэдлээ” цахим сургуулийг өргөжүүлж, 11-р ангийн сонгон суралцах хичээлийг зохион байгуулахаар бүртгэл эхэлсэн байгаа. "Мэдлээ" цахим сургуулийн хүүхдийн тоо энэ жил 30 мянга хүрэх төлөвтэй. Алслагдсан байдлаас шалтгаалаад, хичээл сонгон суралцаж чадахгүй байгаа хэсэгт тус сургууль бие дааж сурахад нь ахиц дэвшил өгч байгаа.
Түүнчлэн, шинэчилсэн хуульд СӨБ, ЕБС-д хичээл эхлэх, дуусах хугацааг хуульчилснаас гадна хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд хичээллэх хоногийн тоог олон улсын стандартад нийцүүлэн 170-185 хоног байхаар шийджээ. Дөрвөн улиралтай байх бүтэц баталсан тул сургалтын төлөвлөгөөтэй холбоотой албан бичгийг аймгуудад хүргээд байна. Үүнд, сургалтын төлөвлөгөөний цагийг өөрчлөөгүй бөгөөд шалгалтын 7 хоног, бүх нийтээр амрах өдрүүдтэй холбоотой, сургууль өөрөө бие дааж шийдэх, хүүхдийн хөгжил хамгаалалд цаг илүү зарцуулах боломж бүрдүүлэхээр зохицуулжээ. Энэ хичээлийн жилд СӨБ-д 302 мянган хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна. Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь ээлжийн бүртгэлийг удахгүй зохион байгуулах ч одоогоор шинээр 71 мянга гаруй хүүхэд элсэх баримжаа байгаа аж.
ЕБС-д энэ жил 781 мянган хүүхэд элсэн суралцана. Энэ нь өнгөрсөн оныхоос 35 мянган хүүхдээр нэмэгджээ. Мэргэжлийн боловсролд 40 мянга орчим хүүхэд суралцах, 22 мянган хүүхэд шинээр элсэхээс гадна их дээд сургуульд 147 мянган хүүхэд суралцаж, 25 мянган хүүхэд шинээр элсэх төлөв гараад байна. Эдгээр урьдчилсан тоо 10 дугаар сарын 15 гэхэд эцсийн байдлаар баталгаажих юм" гэлээ.
ҮЗЭХ: