Ромын пап Монгол Улсад айлчлал хийхээр Хятадын агаарын хилээр зорчиж явахдаа, тус улсын дарга Ши Жиньпинд мэндчилгээ хүргүүлжээ

Ромын пап Монгол Улсад айлчлал хийхээр Хятадын агаарын хилээр зорчиж явахдаа, тус улсын дарга Ши Жиньпинд мэндчилгээ хүргүүлжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ сарын 1-4 өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. 

Ромын Пап лам Италийн Ром хотын Фиумичино нисэх онгоцны буудлаас орон нутгийн цагаар өчигдөр /2023.09.31/ 18:40 цагт Монгол Улсыг зорьсон юм. Тэрбээр есөн цаг гаруйн хугацаанд нисэж өнөөдөр /2023.09.01/ 10:00 цагийн орчимд Улаанбаатарт газардсан. Пап лам Орос, Украины дайнаас зайлсхийхийн тулд Хятадын агаарын хилээр дамжин Монгол Улсад ирсэн аж.

Ингэхдээ Ромын пап лам өөр улсын дээгүүр нисэх бүртээ тус улсын тэргүүнд мэндчилгээ захидал илгээдэг аж. Энэ хүрээнд  Францис Хятадын агаарын орон зайг дайран өнгөрсний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпинд мэндчилгээ дэвшүүлжээ. 

Францис Ши Жиньпинд илгээсэн мэндчилгээндээ "Эрхэмсэг ноён Та болон Хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Үндэстний сайн сайхны төлөө залбирч буйгаа баталж, эв нэгдэл, энх тайвны тэнгэрлэг адислалыг та бүхэнд уриалж байна" гэсэн байна. Мөн энэхүү айлчлалын талаар Франц улсын “france24” мэдээллийн агентлаг “Пап лам анх удаагаа далайд гарцгүй Азийн улсад айлчилж байгаа бөгөөд Монгол хоёр хүчирхэг хөрш Орос, Хятадтай харилцах харилцаа нь хурцадсан үед айлчилж байна” хэмээн бичжээ.

Эх сурвалж: france24