Ромын папыг угтаж Монголчууд заншил ёсоор ааруул өгч, Францис эелдгээр хүлээн авч идсэнийг гаднын хэвлэл онцолжээ

Ромын папыг угтаж Монголчууд заншил ёсоор ааруул өгч, Францис эелдгээр хүлээн авч идсэнийг гаднын хэвлэл онцолжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Католик шашны тэргүүн, Ромын их хамба лам, тусгаар тогтносон Ватикан Улсын тэргүүн Францис энэ сарын 1-4 өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна. Үүнтэй холбогдуулан олон улсын томоохон хэвлэлүүд тус айлчлалын талаар бичиж эхэлжээ.

Тухайлбал, Reuters агентлаг айлчлалын талаарх мэдээндээ, Гадаадад айлчлах үеэр нь супер од хэмээн хүлээн авдаг Ромын пап Францис баасан гарагт Монголд газарджээ. Түүний айлчлалд тус улсын католик шашны өчүүхэн бүлгэм баярласан ч түүний айлчлал Буддын шашинтай оронд бараг л шуугиан тарьсангүй. Дэлхийн 1.3 тэрбум католик шашинтнуудын удирдагч байхын зэрэгцээ төрийн тэргүүний алба хашдаг Францис тус айлчлалын хүрээнд хэд хэдэн арга хэмжээг удирдан явуулах аж. Үүнд ням гарагт /2023.09.03/ болох мөргөлийн үйл ажиллагаа, шашин хоорондын цуглаанд оролцож, шашин шүтлэгээс үл хамааран тусламж хэрэгтэй хүмүүст туслах буяны төвийн нээлтийг хийх юм. Харин бямба гарагт /2023.09.02/ түүнийг албан ёсоор угтаж авах ёслол болно.

Францис болон түүний дагалдан яваа хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц 10 цаг шахам шөнийн нислэг хийсний дараа газардсан бөгөөд 86 настай, тэргэнцэртэй байх шаардлагатай пап лам өдрийн үлдсэн хугацаанд амарч байжээ.

Мөн Монгол Улсын нисэх онгоцны буудалд Францисыг газардах үед Монгол үндэсний хувцастай нэгэн эмэгтэй түүнийг угтаж монголчуудын зан заншил болсон хатуу тараг буюу ааруул өгснийг, Ромын пап Францис эелдгээр хүлээн авч, идсэн байна.

Харин одоогоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын хурдны зам,  шон дээрх Монгол, Ватиканы далбаа, түүний дагалдан яваа цувааг эс тооцвол пап ламыг хотод байгааг илтгэх шинж тэмдэг бараг харагдахгүй байна” гэжээ.

Эх сурвалж: reuters