Б.Балжинням: Монголын цагдаагийн түүхэнд морь унаж, хуримаа хийсэн анхны хос болсон /ВИДЕО/

Б.Балжинням: Монголын цагдаагийн түүхэнд морь унаж, хуримаа хийсэн анхны хос болсон /ВИДЕО/

Бид энэ удаад шинээр гал голомтоо бадрааж, өрх бүлийн тоог нэгээр нэмж буй залуухан цагдаагийн гэр бүлийг онцлон ярилцлаа. Тэдний хувьд морь унаж хуримаа хийснээр цахим нийтийн сүлжээнд олны анхаарлыг татсан юм.

ВИДЕО:

Нөхөр болох Эргүүлийн хяналтын хэсгийн морьт эргүүлийн тасагт ажилладаг цагдаагийн ахмад Б.Балжинням болон МУБИС-ийн харьяа ЕБС-ын дизайн технологийн багш Б.Тэмүүлэн нар өчигдөрхөн /2023.09.20/ гал голомтоо бадрааж, Монгол Улсад өрх гэрийн тоо нэгээр нэмэгдлээ. Тэд хуримаа хийхдээ бусдаас содон байх гээгүй аж. Гагцхүү амьдралд ганц тохиох энэ өдрөө аз жаргалтай, хэзээ ч мартагдахааргүй, сонирхолтой өнгөрүүлэхийг хүсчээ.

Морь унаж хуримаа хийх санааг анх эхнэр нь гаргасан гэнэ. Энэ талаараа Б.Тэмүүлэн, "Морь унаж хуримаа хийх санааг анх би гаргасан. Хуримын даашинз өмсөөд морь унаад явж байсан тохиолдол өмнө нь бараг байхгүй. Цагдаагийн байгууллагын хамт олноос хамгийн анхны морь унаж хуримаа хийсэн хос болсон байх" гэлээ.

Б.Балжинням, "Хуримын ордноос талбай руу морь унаад явж байхад энгийн иргэд бид хоёрыг их сайхан хүлээж авч, баяр хүргэсэн. Гадаадын жуулчид хүртэл "зургийг нь дарж болох уу? аз жаргал сайн сайхныг хүсье" гээд л бид хоёрт маш гоё энерги өгсөн шүү.

Эхнэр маань анх энэ санааг надад хэлэхэд би ч эерэгээр хүлээн авсан. Ингээд эхлээд хоорондоо ярилцаж байгаад удирдлагууддаа тэр санаагаа бичгээр хүргүүлэхдээ "болох болов уу" гээд эргэлзэж л байлаа. Гэхдээ хамт олон маань маш сайхан дэмжээд цааш нь уламжилж өгсөн дөө.

- Хуримын палажтай морь унаад явна гэхээр эхнэрт нь ямар мэдрэмж төрсөн бол? Хамаатан садан ойр дотных нь хүмүүс бас морь унаж хуримаа хийнэ гэхэд яаж хүлээж авсан бэ?

эхнэр Б.Тэмүүлэн:

Бид хоёр морь унаж хуримаа хийнэ гэдгээ гэр бүл, хамаатан садандаа хэлээгүй байсан.

Хуримын ордноос гарч ирэхэд морьтой цагдаа нар зогсчихсон байхад ээж аавууд их л гайхаж байх шиг байсан. Тэр үед надад палажтайгаа морин дээр мордоно гэхээр хэцүү санагдаж байсан ч сүүлдээ мориндоо дасчихсан. Уг нь өмнө нь ганц хоёр удаа морь унаж байсан юм. Нөхөр маань албаны хувцастайгаа ирчихсэн, албаныхан нь бас морьтойгоо ирчихсэн байхад мийн хувьд нөхрийнхөө ажил мэргэжлээр л их бахархсан даа.

нөхөр Б.Балжинням: Гэрлэх ёслолын ордноос гараад талбай явах замд өнгөрч яваа энгийн иргэн хүртэл "ямар гоё юм бэ. Баяр хүргэе" гэж байсан. Тэр нь шинээр гэр бүл болж буй бид хоёрын хувьд маш том бэлгэдэл, аз жаргал байсан гэхэд болно. Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, өв уламжлалаа тээж явах маш гоё байдаг юм билээ.

- Хуримын зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд нэлээд хандалт авсан шүү дээ. Хүмүүс ямар сэтгэгдэлтэй байх шиг байна?

Эхнэр Б.Тэмүүлэн: Морь унаад явж байхад хүмүүс бичлэг зураг хийгээд л байсан. Тэгээд гандангаас ресторан руугаа явж байх замдаа машин дотор жоохон суух зуураа утсаа харсан чинь баахан хүмүүс юм биччихсэн, эерэг сэтгэдлүүд ирээд их олон хүнд хүрсэн байсан. Сошиалаар тийм их хандалт авна гэж огт төсөөлж бодоогүй. Нөхрийнхөө ажлын хамт олон, нийслэлийн цагдаагийн хамт олонд маш их баярлалаа. Ийм сайхан боломжийг бүтээж өгсөнд нь талархаж байна.

Б.Тэмүүлэн: Энэ насанд ганцхан тохиох бид хоёрын нандин өдрийг мартагдахааргүй болгож өгсөн, сошиал сүлжээнд эерэг мессеж үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Бид хоёрын хувьд хэзээ ч мартагдахааргүй маш сайхан дурсамжтай өдөр болж өнгөрсөн.

Б.Балжинням: Нийт залуу хос гэр бүлүүд минь нэгнээ хайрлаж, дээдэлж, хүндэлдэг байгаарай. Мөн Монгол ёс заншилаа битгий орхиорой л гэж хэлмээр байна даа.

Бидэнтээ ярилцсанд баярлалаа. Гэр бүлд нь аз жаргал хүсье.