"Тамгагүй төр жүжиг өвөрмонголчуудад нөлөөлнө" хэмээн хятадууд тоглолтыг цуцалж, Монгол жүжигчдийг "БНХАУ-ыг яаралтай орхихыг шаардан" шөнө дөлөөр буцаажээ

"Тамгагүй төр жүжиг өвөрмонголчуудад нөлөөлнө" хэмээн хятадууд тоглолтыг цуцалж, Монгол жүжигчдийг "БНХАУ-ыг яаралтай орхихыг шаардан" шөнө дөлөөр буцаажээ

БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны театрт энэ сарын 19-21 /2023.09.19-23/-ны өдрүүдэд гурван хоног тоглогдохоор болж, зар сурталчилгаагаа явуулаад байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглуулалгүй, уран бүтээлчдийг нь шөнө дөлөөр нутаг буцаасан байгаа талаар тус улсын олон нийтийн сүлжээнд Өвөрмонголчууд сэтгэгдлээ үлдээжээ. Энэ тухай мэдээллийг бид түүвэрлэн хүргэж байна.

-ХҮН АМ ЦӨӨТЭЙ ОРДОС ХОТОД ӨВӨР МОНГОЛЧУУД “ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙГ ҮЗЭХЭЭР АЛС ХОЛООС ИРНЭ ГЭЖ ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД ТООЦООГҮЙ ГЭЖЭЭ-

Юун түрүүнд хятадын WeChat сүлжээнд дараах мэдээллийг Өвөр монголчууд нийтэлжээ. Тус мэдээлэлд, “Тамгагүй төр жүжиг Өвөр монголд тоглогдохоор Бүх xятадын соёлын яам, Хөх хот, Ордос хот гээд гурван газраас зөвшөөрөл аваад байсан. Товчхондоо, Өвөр монголд тоглож болно гэсэн албан ёсны зөвшөөрөлтэй анхны жүжиг. Иймд өнгөрөгч долдугаар сар /2023.07/-аас эхлэн “Тамгагүй төр” жүжгийг Өвөрмонголд тавихыг урьж эхэлсэн. 

Харин “Тамгагүй төр” жүжгийнхэн зар сурталчилгаагаа явуулж, Хөх хотод тоглохоор болтол хятадын эрх баригчид “коммунист намын яаралтай хурал хөх хотод болохоор болсон тул тамгагүй төр жүжгийг энэ хотод тоглуулах боломжгүй боллоо. Ордос хотод тоглоно уу” гэсэн байна. Ингээд “Тамгагүй төр” жүжгийн зар сурталчилгаа өөрчлөгдөж, Ордос хотын 1400 хүний суудалтай Эзэн хорооны театрт гурав хоног тоглогдохоор болоход жүжгийн тасалбар хэдхэн хоногт бүрэн зарагдаж дууссан. Учир нь “Тамгагүй төр” драмыг үзэхээр Өвөр монголын өнцөг булан бүрээс жүжгийг үзэхээр тасалбарыг нь худалдан авсан тул цөөхөн хоногт дууссан нь энэ юм.

Гэтэл энэ сарын 19 /2023.09.19/-ны өдөр “Тамгагүй төр” жүжиг эхлэхээс 30 минутын өмнө Ордос хотын Эзэн хорооны театрын цахилгааныг тасалж, тоглолтыг Хятадын эрх баригчид зогсоож, мөн театрын өмнөх авто замыг нь засаж байна гэх нэрийдлээр хааж хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарласан. 

ЗУРАГ "Тамгагүй төр" жүжиг эхлэхээс 30 минутын өмнө Ордос хотын Эзэн хорооны театрын цахилгааныг тасалжээ. 2023.09.19

ЗУРАГ Ордос хотын Эзэн хорооны театрын өмнөх авто замыг завсарлаж байна хэмээн хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлажээ. 2023.09.19

Ордос хот цөөн хүн амтай тул хүмүүс жүжиг үзэхгүй гэж эрх баригчид тооцож байтал Өвөр монголчууд алс холоос “Тамгагүй төр” жүжгийг үзэхээр Ордос хотыг зорин ирсэн нь тэдний айдас, болгоомжлолыг төрүүлсэн бололтой” гэжээ. Мөн энэ талаар Ордос хотын сургуулийн багш Ву Юнчи Мүгэ, “Жүжгийг үзэхээр Шилийн голын үзэгчид болон Хөлөн Буйр гээд бараг Өвөр монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, тасалбараа худалдаж аваад байсан” гэжээ. Харин “Тамгагүй төр” жүжгийг үзэж чадаагүй Өвөр монголчууд эсэргүүцлээ илэрхийлж, цуглаж эхлэхэд хятадын эрх баригчид “тасалбарын мөнгийг чинь буцааж өгнө, ирсэн замын зардлыг нь хариуцна хэмээн тайвшруулсан” гэжээ.

ВИДЕО: 

-“ТАМГАГҮЙ ТӨР” ЖҮЖГИЙН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ШӨНӨ ДӨЛӨӨР ЗОЧИД БУУДЛААС НЬ ГАРГАН, ХЯТАДААС ЯАРАЛТАЙ ГАРАХЫГ ШААРДАЖ, ЭРЭЭН ХОТОД ХҮРГЭЖЭЭ- 

Тоглолтыг нь цуцалж, цахилгаан ирнэ гэж 2-3 хоног “Тамгагүй төр” жүжгийн багийн гишүүдийг цагдаагийн хараа, хяналт дор байлгаж байгаад гэнэт энэ сарын 23-24 /2023.09.23-24/-нд шилжих шөнийн 03:00 цагийн орчимд зочид буудлаас нь гаргаж, “Ордос хот болон Хятад улсыг яаралтай орхин явахыг шаардаж, нутаг буцаасан” талаар Өвөр монголчууд олон нийтийн сүлжээндээ бичжээ. 

Харин ийнхүү явуулахдаа “Ордос хотын захиргаа, хятадын цагдаа, тагнуул нийлсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Тамгагүй төр” жүжгийн гишүүдийг харгалзан ус ууж, хоол идэх завдал өгөлгүй 10 гаруй цаг явсаар Эрээн хотод яаралтай хүргэсэн” гэж Өвөр монголчууд бичжээ.

ЗУРАГ: "Тамгагүй төр" жүжгийн гишүүдийг шөнийн 03:00 цагт "Хятадын улсыг яаралтай орхин гарахыг шаардан" буцаахад хятадын цагдаа, тагнуулын 50 гаруй хүмүүс дагалдан явжээ. 2023.09.23-24

Энэ бүхэн нь хоёр улсын найрамдалт харилцаанд сэв суулгах, цаашлаад соёлын солилцоо бодит байдал дээр хэрэгжихгүйн нэг тод жишээ юм. Үүний цаад шалтгаан нь Өвөр монголчууд “Тамгагүй төр” жүжгийг үзэхээр олноороо тасалбарыг нь худалдаж авч, холоос Ордос хотыг зорин ирсэн нь “тэднийг үндэсний үзэлд уриалах” нь хэмээн хятадууд болгоомжилсон байж магадгүй юм. 

Учир нь энэ талаар RFA агентлаг, “Өвөр монголд соёлын цэвэрлэгээ эрчимжиж, эрх баригчид бага, дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдэд арга хэмжээ авч байгаа энэ үед баатарлаг, улс төрийн гүнзгий агуулгатай Монголын түүх, соёлыг нэвт шингээсэн “Тамгагүй төр” жүжиг тоглогдохоор болж, хүмүүс ихээр цугларсан нь Өвөр монголд тогтоосон хяналтад нөлөөлнө гэж Хятад улс санаа зовсон” гэж мэдээлжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Мөн “Тамгагүй төр” жүжиг цуцлагдсанаас болж өвөр монголчууд маш их бухимдаж байгаа тул хятадын эрх баригчид тус бүс нутагт харуул хамгаалалтаа чангатгаж эхэлсэн талаар сэтгэгдлээ хүмүүс нь бичиж үлдээжээ. Харин өнөөдрийг хүртэл “Тамгагүй төр” жүжгийн багаас БНХАУ-д тохиолдсон үйл явдлын талаар албан ёсны мэдээллийг хийгээгүй байна. Иймд бид удахгүй хийнэ гэдэгт найдаж байна. Харин тус монгол драм ирэх арваннэгдүгээр сар /2023.11/-д Английн Лондон хотын төв театрт тоглогдохоор тасалбар нь тус улсад аль хэдийн зарагдаж эхлээд байгаа билээ.