ВИДЕО: "Хүнд өвчнийг усанд сэлж эдгээснээс гадна Азийн наадамд оролцон Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон" Д.Төрмөнхийг онцолж байна

ВИДЕО: "Хүнд өвчнийг усанд сэлж эдгээснээс гадна Азийн наадамд оролцон Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон" Д.Төрмөнхийг онцолж байна

БНХАУ-д болж буй “Ханжоу 2022” 19 дэх Азийн наадмын усанд сэлэлтийн төрөлд оролцон манай тамирчин Д.Төрмөнх 800 метрт 09:14.07 минут, 1500 метрт 17:49.67 минутаар тус тус Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм. Иймд түүнтэй монгол дахь усанд усанд сэлэлтийн спортын хөгжил, явцын талаар ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд бага насандаа хөлийн бэртэл авч, түнхний үхжилтийн улмаас хагалгаанд орохоос өөр сонголтгүй хэмээн оношлогдож, гаднын эмч нарын зөвлөгөөгөөр найман настайдаа усанд сэлж эхэлжээ. Улмаар сонирхогчоос мэргэжлийн тамирчин болж өдгөө 15 настай хүү Монгол Улсын хоёр шинэ рекордын эзэн болоод байгаа юм. Ингээд түүхий ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаад Ханжоу 2022 спортын наадамд үзүүлсэн амжилтаа хуваалцаач?

-Сайн байцгаана уу. Намайг Дүүрэнбаярын Төрмөнх гэдэг. Би 15 настай. Саяхан Азийн наадамд оролцож усанд сэлэлтийн төрлөөр 800 метр, 1500 метрт Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон.

-Ярьж болно гэвэл асуух зүйл байгаа юм аа. Анх усанд сэлж эхлэхдээ эрүүл мэндийн том шалтгаантай байж байгаад усан спортоор эдгээсэн гэж сонссон?

-Тиймээ. Би жаахан байхдаа чулуун дээр унаж хөлөө маш хүнд бэртээж эмнэлгээр явахад заавал хагалгаа хийлгэнэ гэсэн. Гадаадад эмнэлгээр ээжтэйгээ бас нэлээд их явсан. Тэгээд гадаадын эмч нар намайг усанд сэлбэл хурдан эдгэнэ. Мөн жаахан байгаа болохоор өсөлтийн үе хурдан эдгэрнэ гэж зөвлөсөн. Тэгээд би найман настайдаа сэлж эхэлсэн.

Миний санаж байгаагаар түнх үхжээд хөлөө ашиглахад хэцүү байсныг санадаг. Одоо бол 100 хувь эдгэрсэн. Найман настайд маань биеийн байдал нэлээд муу байсан. Тэгээд бага багаар сэлсээр байгаад сар болгон эмнэлэгт очиж зураг авхуулахад улам сайжирч байсан.

-Сэлэхийг яаж сурав. Яагаад усанд сэлэлтийн тамирчин болохоор зорьсон бэ?

-Аавтайгаа найман настайгаасаа хамт сэлдэг байсан. Аав маань надад усанд сэлэхийг зааж өгсөн. Намайг сэлж байхад миний нөгөө талд Vistas гэдэг клубийн тамирчид бэлтгэл хийдэг байсан. Тэгээд бэлтгэл хийхийг нь хараад маш гоё хурдан яваад байсан учраас мэргэжлийн тамирчин больё гэж бодсон.

-Азийн наадмын тухайд?

-Азийн наадам маш гоё болсон. Ерөнхийдөө усанд сэлэлтийн төрөлд хятад байнга л хожиж байсан. Хамгийн сайн нь Хятад Улс байсан. Мөн 50 метрийн бассейн нь бас мэргэжлийн гоё санагдсан.

Монгол Улсад ер нь улсаа төлөөлсөн усанд сэлэлтийн баг байдаггүй. Монгол Улсад тэмцээний зориулалтыг 50 метрийн стандарт бассейн байхгүй. Тиймээс гоё шинэ бассейн бариад өгвөл “баярлана”

-Олон улсын томоохон тэмцээнд өөрсдийн зардлаар явдаг гэж ойлгож болох уу. Мөн монголдоо бэлтгэл хийхдээ хаана хийдэг вэ?

-Тиймээ. Бүх зардлаа бид өөрсдөө гаргадаг. Жаахан дэмжээд өгвөл сайхан л байна ядаж стандарт усан сан ч юм уу. Азийн наадам явахаас өмнө Монголд ганц буюу Орчлон сургуульд байдаг 50 метрийн бассейнд нэг сар сэлж, бэлтгэл хийсэн.

Гэхдээ гадаадын тамирчдыг бол яагаад ч барахгүй юм байна лээ. Яах аргаггүй усан спорт нь хөгжсөн. Бассейн нь стандарт туршлагатай байсан.

-Цаашдын зорилго?

 -Цаашид би олимпод оролцох зорилготой. Тэгээд Монгол Улсаа, клубийнхээ хүүхдүүд, найзуудаа улам нэгтгэж Монгол Улсаа гоё авч явъя гэж бодож байгаа.

-Усанд сэлэлтийн давуу талаас дурдвал, бие эрүүлжүүлэх гэхчлэн?

-Усанд сэлэх спорт нь бусад спортоосоо ялгарах хамгийн гоё зүйл нь гэвэл бага бэртэл авна. Ганцаарчилсан спорт учир бусад хүмүүст найдахгүй. Бүх зүйлээ өөрөө хийх нь гоё байдаг. Тэгээд биед ач тустай уушги цэвэрлэнэ, томсгоно. Тэгээд хөдөлгөөн сайжруулна, сунгалт сайтай болно, стресс тайлна, баяртай болгоно намайг зүгээр л жаргалтай болгодог.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.

-Та бүхэнд баярлалаа.