Монголын ЭСЯ-ны дипломатч согтуугаар автомашин жолоодож, хурд хэтрүүлсний улмаас БНСУ-ын цагдаад баригджээ

Монголын ЭСЯ-ны дипломатч согтуугаар автомашин жолоодож, хурд хэтрүүлсний улмаас БНСУ-ын цагдаад баригджээ

БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам /ЭСЯ/-ны дипломат төлөөлөгч согтуугаар автомашин жолоодож хурд хэтрүүлсний улмаас тус улсын цагдаад баригджээ. Улмаар дипломатчийн эрх хэмээн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулахаас татгалзсан талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 9 /2023.10.09/-ний өглөөний 09:00 цагийн орчимд Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газарт "Хар өнгийн микро автобус олимпын авто замд хурдтай явж байна" гэх мэдээлэл иржээ. Улмаар хэргийн газарт ирсэн цагдаа нар автомашиныг зогсоож, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах үеэр автомашиныг жолоодож явсан Монгол Улсын ЭСЯ-ны дипломатч халдашгүй дархан эрхтэй хэмээн шалгуулахаас татгалзжээ.

Гэсэн ч согтууруулах ундааны мэдрэгчид хариу үйлдэл үзүүлж, архины үнэр үнэртэж байсан тул архи уусан нь тодорхой гэж цагдаагийнхан тайлбарласан байна.

Улмаар манай улсын ЭСЯ-ны ажилчид хэргийн газар ирж, согтуугаар автомашин жолоодож явсан дипломатчийг авч явсан гэж БНСУ-ын Chosun агентлаг мэдээллээ. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Түүнчлэн энэ талаар өнөөдөр /2023.10.11/ Сөүл хотын ЁнДёнпогийн цагдаагийн газраас мэдээлснээр, БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны дипломат ажилтан ноён А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсан. Цагдаа дипломат халдашгүй байдлын дагуу хэргийг хаахаар төлөвлөж байна” гэжээ.