Газын зурваст дайны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Ойрх Дорнодод газрын тосны үнэ эрс өсжээ

Газын зурваст дайны нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Ойрх Дорнодод газрын тосны үнэ эрс өсжээ

“Хамас” зэвсэгт бүлэглэл Израилд  халдлага үйлдсэний улмаар Газын зурваст дайны нөхцөл байдал үүсээд буй. Улмаар Ойрх Дорнодод дахин тогтворгүй байдал бий болж газрын тосны үнэ сүүлийн зургаан сарын дунджаар хамгийн өндөр дүнгээр өсжээ.

Учир нь Ойрх Дорнодын орнууд дэлхийн нийт газрын тосны нийлүүлэлтийн гуравны нэгийг дангаар хангадаг гэдэг утгаараа газрын тосны зах зээлд хүчтэй нөлөөлж байна. Тухайлбал, АНУ-д түүхий газрын тосны фьючерс 5.4 хүртэлх хувиар өсөж, баррель нь 86 ам.доллар давжээ. Хэдийгээр дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд Израилын гүйцэтгэх үүрэг бага ч зөрчил хурцадсанаар АНУ, Ираныг татан оролцуулах эрсдэлтэй байна.

Түүнчлэн Израилын Засгийн газар аюулгүй байдлын үүднээс “Chevron” компанид Тамар дахь байгалийн хийн томоохон талбайн үйл ажиллагаагаа түр зогсоохыг үүрэг болгожээ. Үүний дараа байгалийн хийн жишиг үнэ 15 хувиар буюу наймдугаар сараас хойших хамгийн өндөр дүнгээр өсөөд байна.Сүүлийн 20 жилийн хугацаанд Газар дундын тэнгисээс байгалийн хийн орд илрүүлснээр Израил улс хөрш зэргэлдээ улсууд руу байгалийн хий экспортолж байгаа юм.