Австралийн уугуул иргэдийн улс төрийн эрхийг өргөжүүлэхээс олонх нь татгалзжээ

Австралийн уугуул иргэдийн улс төрийн эрхийг өргөжүүлэхээс олонх нь татгалзжээ

Австралийн уугуул иргэд буюу аборигенчуудын эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулж тэдний асуудлаар засгийн газарт зөвлөх байгууллага бий болгох санал гаргаж, бүх нийтийн санал хураалт явуулсан.

Тэгвэл тус санал хураалтаар Австраличуудын олонх нь дэмжсэнгүй.  Австрали Улсын зургаан муж 6-уул “Үгүй” гэсэн санал хураалгажээ. Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз ялагдлаа хүлээн зөвшөөрсөн, аборигенчуудын эрхийг хамгаалах өөр арга хэмжээнүүд боловсруулах болно гэж мэдэгдсэн байна.

Энэхүү бүх нийтийн санал асуулга Австрали улсад бараг сүүлийн 25 жилд явагдсан анхных нь байсан юм. Саналын хуудас тооллогоор, дэмжсэн болон эсэргүүцсэн саналын тоо 40:60 харьцаатай гарчээ. Австрали даяар нэлээд ширүүн, заримдаа хурц гэхээр аянууд өрнөсний ар дээр ийм үр дүн гарч байна. Уугуул иргэдийн эрхийг үндсэн хуулинд баталгаажуулснаар Австрали улс нэгдмэл болж, шинэ үеийн эхлэлийг тавина гэж энэ санааг дэмжигчид мэдэгдэж байжээ.

Харин эсэргүүцэгчид нь бусдаасаа давуу эрхтэй иргэдийн “тусгай анги” үүснэ, мөн шинээр бий болох бүтэц засгийн газрын ажлыг удаашруулна гэдэг байр суурь илэрхийлж байжээ.

Санал хураалтын дүн гарсны дараа Ерөнхий сайд Албаниз ард иргэддээ хандаж хэлсэн үгэндээ ардчилсан үйл явцыг хэрэгжүүлсэн санал хураалтыг хүндэтгэж байгаагаа мэдэгдсэн байна. Мөн “энд гарсан санал зөрөлдөөнөөр австраличууд тодорхойлогдохгүй, бас хуваагдмал болохгүй, бид бол “Тийм” эсвэл “Үгүй”-г сонгогчид биш, бүгдээрээ австраличууд” гэж хэлжээ. “Абориген иргэд, Торресийн хоолойн оршин суугчдын өмнө тулгардаг асуудлууд манай улс орны амьдралд байнга хурцаар илэрч ирсэн ч үргэлж хойш тавигдаж ирсэн.

Мөн саяных Австралийн үндсэн хуулинд өөрчлөлт оруулах 45 дахь оролдлого байсан бол уугуул иргэдийн эрхийг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой сэдэв хөндөгдсөн хоёр дахь тохиолдол байжээ.