С.Жамбалжамц зуны олимпын наадамд эрх авч уралдах монголын анхны дугуйчин боллоо

С.Жамбалжамц зуны олимпын наадамд эрх авч уралдах монголын анхны дугуйчин боллоо

Францын нийслэл Парис хотод болох зуны олимпын наадамд Монголын дугуйчин, Азийн АШТ-ий элит ангиллын мөнгө, хүрэл медальт, “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын хүрэл медальт Сайнбаярын Жамбалжамц уралдахаар болжээ.

Олон улсын дугуйн холбооноос “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох тэмцээнүүдийг 2022 оны аравдугаар сарын 19-нөөс 2023 оны аравдугаар сарын 17-ны хооронд зохион байгууллаа. Олимпын эрхийн оноо олгох тэмцээн дуусгавар болсон тул манай улсын дугуйчин С.Жамбалжамц 1367 оноотойгоор 29 дүгээр байрт жагссан үзүүлэлтээр “Парис-2024” олимпын засмал замд уралдах шилдэг 95 дугуйчны нэг болжээ.

Сонирхуулахад, С.Жамбалжамц Ази тивийн чансааны хоёрдугаар байрт бичигдэж байгаа бөгөөд олимпын наадамд эрх авч хурд хүчээ сойх Монголын анхны дугуйчин болж байна. Үүнээс өмнө Монголын дугуйчид “Токио-1964”, “Москва-1980”, “Барселон-1992”, “Атланта-1996” олимпын наадмуудад хүсэлт болон цагаан хуудсаар оролцож байв.