“Боксын ордон бариагүй, Б.Чинзоригоос допинг илэрлээ” хэмээн Ц.Бат-Энх нар шүүмжилсэн нь Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд хүргэжээ

“Боксын ордон бариагүй, Б.Чинзоригоос допинг илэрлээ” хэмээн Ц.Бат-Энх нар шүүмжилсэн нь Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөд хүргэжээ

Хотын дарга Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалаасаа татгалзаж, түүнийг “Монгол 333” корпорацын эзэн У.Баатар түр орлож эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл Х.Нямбаатарыг тус холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын шахалтаар ажлаа өгсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

-"БОКСЫН ОРДОН БАРИАГҮЙ" ХЭМЭЭН Х.НЯМБААТАРЫГ ШҮҮМЖИЛЖЭЭ-

Тодруулбал, Монголын боксын холбооны удирдах зөвлөлийн хурал энэ сарын 17 /2023.10.17/-ны өдөр Нийслэлийн засаг захиргааны Хангарьд ордонд болсон байна. Энэ үеэр Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын удирдах зөвлөлийн гишүүд нь "Саяхан болсон "Ханжоу-2022" Азийн наадамд боксын төрлөөр алтан медаль авсан Б.Чинзоригийн А сорьцын шинжилгээнээс допинг илэрсэн асуудлыг хөндөж, нэлээдгүй шүүмжилсэн байна.

Мөн Х.Нямбаатарыг Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр анх сонгогдохдоо "Боксын ордон" барьж өгнө гэсэн амласан амлалтаа биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл тус холбоог хангалттай удирдаж чадаагүй болохыг нь хатуу шүүмжилсэн байна.

Энэ бүх асуудлаас үүдэж, Ц.Нямбаатар нь Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн гэдгийг эх сурвалж тодотгож байна. Харин тэрбээр үүнийгээ "Хотын даргаар сонгогдсон" хэмээн тайлбарлаж байгаа аж.

Харин өчигдөр /2023.10.18/ Спортын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийж, "Монголын боксын холбооны санхүүжилтийг зогсоох албан бичиг хүргүүлсэн. Төр допингийн асуудалтай спортын холбоог дэмжихгүй" гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ нь Х.Нямбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн ажлаа ийнхүү өгсөнтэй холбоотойгоор "Б.Бат-Эрдэнэ сайдтай ярьж тохироод санхүүжилтийг нь олгохгүй байх асуудлыг шийдүүлсэн байж магадгүй" гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Ямартай ч Парис-2024 зуны олимп хаяанд ирсэн энэ үед Монголын боксын холбооны удирдлага солигдож, санхүүжилт нь зогсохоор болоод байна.