Леброн Жеймс дахин нэг хүүхдийн ном гаргана

Леброн Жеймс дахин нэг хүүхдийн ном гаргана

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ од тамирчин Леброн Жеймс ирэх онд хүүхэд багачуудад зориулсан дахин нэг ном гаргахаар болжээ.

“I Am More Than” гэдэг нэртэй ном 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ноос худалдаанд гарна гэж “HarperCollins Publishers” хэвлэлийн компани мэдээллээ. NBA-ийн дөрвөн удаагийн аварга Л.Жеймс энэхүү номоо бүтээхдээ зураач Нина Мататай дахин гар нийлж ажиллажээ. 2020 онд “I Promise” номоo гаргахдаа тэрбээр уг зураачтай хамтран ажиллаж байсан юм. “I Am More Than” номд өөртөө, өөрийнхөө хийж бүтээж чадах, өөрөөс чинь өөр хэн ч өөрт чинь тодорхойлж өгч чадахгүй гайхалтай зүйлсдээ итгэх тухай өгүүлнэ. Үүнийг унших хэн бүхэн өөрийнхөө хийдгээс илүүг хийж бүтээж чадна гэсэн урам зориг авна гэдэгт найдаж байна гэж Л.Жеймс пүрэв гарагт мэдэгдсэн байна. Номын өнгөлөг нүүрэн дээр номын нэрийг нүүр дүүрэн инээмсэглэсэн гурван хүүхэд барьж байгаагаар дүрсэлжээ. Энэхүү дараагийн номоороо бид дэлхийн өнцөг булан бүр дэх хүүхдүүдэд томоор мөрөөдөж, түүнээсээ ухарч няцахгүй байх урам зориг өгөхийг хүсэж байна гэж Л.Жеймс үргэлжлүүлэн хэлсэн байна.

Л.Жеймсийн анхны ном болох “I Promise” нь “New York Times” сониноос гаргадаг шилдэг борлуулалттай зурагт номын жагсаалтыг тэргүүлж байсан билээ. 2020 онд “HarperCollins Publishers” компани нь Л.Жеймсийн сантай хоёр номын гэрээ байгуулснаа зарласан юм.“Лос-Анжелес Лэйкерс” баг болон Л.Жеймс 2023-24 оны NBA-ийн улирлын нээлтийн тоглолтоо аравдугаар сарын 24-ний мягмар гарагт “Денвер Наггетс” багийн эсрэг хийнэ. Л.Жеймс өнгөрсөн улиралд NBA-ийн бүх цаг үеийн онооны лидер болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ