Газын зурвасын асуудлаарх “энх тайвны дээд хэмжээний уулзалт” Египетэд болно

Газын зурвасын асуудлаарх “энх тайвны дээд хэмжээний уулзалт” Египетэд болно

Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисигийн зарлан хуралдуулж буй  энх тайвны дээд хэмжээний уулзалт (Cairo Peace Summit) аравдугаар сарын 21-нд буюу өнөөдөр болно. 

Уг дээд хэмжээний уулзалтын зорилго нь Газын зурвас дахь нөхцөл байдлыг намжаах, гал зогсоох тохиролцоонд хүрэх, Израил, ХАМАС-ын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг олох явдал юм.

Египетийн нийслэл Каир хотноо болох дээрх уулзалтад 30 гаруй улс, олон улсын гурван байгууллага оролцохоо мэдэгджээ."Энх тайвны дээд хэмжээний уулзалтад" НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, мөн Арабын хэд хэдэн улс, Турк, Грек, Киприйн удирдагчид оролцоно гэж өмнө нь мэдэгдсэн байна. 

Түүнчлэн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар оролцоно. Мөн Европын зөвлөлийн дарга Шарль Мишель, Европын Холбооны дипломат албаны тэргүүн Жозеп Боррель, Франц, Герман, Их Британи, Японы Гадаад хэргийн сайд нар Каирт хүрэлцэн ирнэ.