Алга болоод хоёр сар болж буй хятадын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфуг тайлбаргүйгээр албан тушаалаас нь огцруулжээ

Алга болоод хоёр сар болж буй хятадын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфуг тайлбаргүйгээр албан тушаалаас нь огцруулжээ

Хятадын Гадаад хэргийн сайд сураггүй болоод удаагүй байхад дахин Батлан ​​хамгаалахын сайд алга болсон тул олон улсын хэвлэлүүд Ши Жиньпины тухай таамаглал гаргаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд олны өмнө гарч ирсэнээс хойш сураггүй алга болоод байгаа юм. Харин энэ талаар тус улсын хэвлэлүүдэд баттай таамаглал мэдээлэл нийлээгүй хоёр сарын хугацаа өнгөрсөн юм.

Тэгвэл өчигдөр /2023.10.24/ БНХАУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Ли Шанфуныг нь албан ёсны тайлбаргүйгээр ажлаас нь чөлөөлснийг тус улсын CCTV телевиз мэдээллээ.

Ингэхдээ түүнийг Зэвсэгт хүчнийг удирддаг Цэргийн төв зөвлөлийн гишүүн, Хятадын төрийн таван гишүүний нэг болох засгийн газрын танхимын дээд албан тушаалаас чөлөөлжээ. Уг шийдвэрийг тус улсын хууль тогтоох байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хороо баталсан бөгөөд орлох албан тушаалтныг нэрлээгүй байна.

Хятадын хоёр ахлах сайд дараалан алга болж, ажлаасаа нь чөлөөлөгдсөн  нь эрх мэдлээ төвлөрүүлж, намын хатуу сахилга батыг хэрэгжүүлэх Хятадын улс төрийн тогтолцоо, Ши Жиньпины даргын засаглалын талаар эргэлзээ төрүүлж байгааг олон улсын хэвлэлүүдэд онцолж байна.

Тухайлбал, Хятад улс барууны орнуудтай хурцадмал байдал хурцдаж байгаа энэ үед эрх баригч Коммунист намд учирч буй аливаа аюул заналхийлэл, эмзэг байдлыг арилгахыг зорьж, Ши Жиньпин үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх кампанит ажлыг эрчимжүүлж буйг CNN агентлаг мэдээлэв.

Учир нь Лиг огцруулсан нь Хятад, АНУ-ын өндөр түвшний цэргийн хэлэлцээг сэргээхэд саад болж байсан томоохон саадыг арилгасан байна.

Түүнчлэн Ли олны нүднээс алга болохоос долоо хоногийн өмнө Ши Жиньпин Бээжинд цэргийн дээд удирдагчдыг хуралдуулж, улс төрийн үнэнч байдал, сахилга бат, зэвсэгт хүчнийг удирдах талаар хэлэлцсэн байна. Энэ уулзалтаас хэд хоногийн дараа Ши Жиньпин хятадын цөмийн болон баллистик пуужингийн арсеналыг хянадаг ХАЧА-ын пуужингийн хүчний шилдэг хоёр генералыг халсан нь армид илүү өргөн хүрээтэй цэвэрлэгээ хийх эхлэл болсон байж болзошгүй байна.

Ямартай ч хятадын засгийн газар одоог хүртэл Ли-г хаана байгаа болон эзгүй байгаа шалтгааны талаар тайлбар өгөхөөс татгалзсан хэвээр байгаа. Харин зарим хэвлэлд мэдээлж буй албан бус эх сурвалжийн мэдээллээр Ли-г өнгөрсөн есдүгээр сард эрх баригчид байцаахаар авч явсан гэж мэдээлжээ.

Сонирхуулахад, Хятадад Батлан ​​хамгаалахын сайд нь ихэвчлэн ёслолын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бусад улс орнуудтай цэргийн дипломат харилцааны олон нийтийн нүүр царай болдог. АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд болон бусад олон улсын түүнтэй адилтгах албан тушаалтнуудаас ялгаатай нь Хятадын Батлан ​​хамгаалахын сайд нь Цэргийн төв комисст харьяалагддаг командлах эрхгүй байсан юм.