МСБХ-оос "Үндэсний дээд лиг"-ийн тасалбар борлуулалтын бүх орлогыг тамирчдад олгохоор шийдвэрлэжээ

МСБХ-оос "Үндэсний дээд лиг"-ийн тасалбар борлуулалтын бүх орлогыг тамирчдад олгохоор шийдвэрлэжээ

Нэг үе хоёр хуваагдаад байсан Монголын сагсан бөмбөг саяхан нэгдсэн. Гэтэл энэ удаад дахин үл ойлголцох асуудал гарч иржээ. Тодруулбал, Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал 11 дүгээр сарын 03-ны өдөр "UG" аренад эхлэх товтой байгаа ч "BCH Гарьд", "IHC Apes", "Эрдэнэтийн Уурхайчид", "Завхан Brothers", "Тэнүүн Өлзий Металл" гэсэн таван баг сагсан бөмбөгийн холбоонд шаардлага хүргүүлсэн.

Дээрх багуудын хүргүүлсэн шаардлагад улирлын тоглолтыг гурван тойрогтой болгох, лигийн борлуулалтын орлогын 25 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбоонд хуваарилах, мөн таван хувийг тамирчдын "Ирээдүй" холбоонд хуваарилах, шууд дамжуулалтын үеэр багууд өөрсдийгөө сурталчлах цаг, эрх олгох болон бусад заалтыг багтаажээ.

Ингээд тус шаардлагатай холбогдуулан МСБХ-оос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

Харилцан баталгаажуулсан байсан гэрээний хүрээнд огт тусгагдаагүй зүйлийг тулган шаардсан, хүлээн авах боломжгүй тохиолдолд МСБХ-ны зохион байгуулж буй тэмцээнд оролцохгүй болохоо зарим багийн эздийн төлөөлөл илэрхийлж, энэхүү албан бичгээ нийтийн цахим сүлжээнд байршуулсан. МСБХ-ны зүгээс 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр албан бичгээр тодорхой хариуг хүргүүлэхийн зэрэгцээ гэрээ байгуулаад байсан эмэгтэй 6, эрэгтэй 8 баг тус бүрт лигт оролцох эсэхээ баталгаажуулах албан хүсэлтийг хүргүүлсэн. Заасан хугацаанд эмэгтэй 6, эрэгтэй 3 баг лигт оролцохоо баталгаажуулсан. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан МСБХ-ны зүгээс оролцох хүсэлтээ илэрхийлсэн М хөгжлийн лигийн багуудаас явцын эрэмбийг харгалзан эрэгтэй таван багтай холбогдох гэрээг энэ оны аравдугаар сарын 26-ны өдөр харилцан баталгаажуулсан. Ингэснээр эмэгтэй 6, эрэгтэй 8 багийн оролцоог хангаж, лиг товлосон хугацаандаа зохион байгуулагдах нөхцөл бүрдлээ.

Тамирчдын эрх ашгийг хамгаалах үүднээс дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлэх болсныг үүгээр мэдэгдэж байна. Үүнд:

  • 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр багтааж, 8 хүртэлх тамирчны нэрийг солих, нэмэх хэлбэрээр Монгол Улсын иргэн нийт 12 тамирчны нэрийг лигийн багийн мэдүүлэгт тусгах боломжийг нээсэн.
  • МСБХ-ны хувьд тасалбарын борлуулалтын орлогыг сагсан бөмбөгийн хөгжилд оруулах үзэгч, хөгжөөн дэмжигчдийн хувь нэмэр хэмээн үзэж, энэхүү орлогыг ямар нэг хувь хүн, этгээд завшдаг байсан бусармаг явдлыг халсан.
  • МСБХ нь лигийн сахүүжилтийг ивээн тэтгэгчдийн хандив, тасалбар борлуулалтын өөрт ногдох орлогоос бүрдүүлэн ажилладаг. Үүнээс нийт 210 сая төгрөгийг лигт оролцсон эмэгтэй, эрэгтэй баг тус бүрт хувь тэнцүүлэн олгохоор журамласан. Мөн 1.2 тэрбум төгрөгийг шагналын санд төвлөрүүлж, тухайн улиралд багуудын гаргасан амжилттай нь уялдуулан олгодог. Харин багууд шагналынхаа 50-аас доошгүй хувийг дасгалжуулагч, тамирчдад урамшуулал хэлбэрээр олгох үүрэг хүлээдэг.
  • Мөн МСБХ нь Лигийн тасалбар борлуулалтаас өөрт ногдох бүх орлогыг Монгол Улсын иргэн эмэгтэй, эрэгтэй лигийн тамирчин бүрт тухайн улирлын албан ёсны статистик бүртгэлийн дагуу Лигийн тоглолтын талбай дээр өнгөрүүлсэн нийт хугацаанд хувилан эмэгтэй, эрэгтэй тамирчин тус бүрт шууд олгохоор шийдвэрлэлээ.

МСБХ нь аливаа хувь хүн, бүлэглэлийн богино хугацааны эрх ашигт хөтлөгдөж, хамтарч тогтоосон зарчим, тохирсон гэрээ, хэлцлийг үл ойшоох үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн эрх ашигт нийлүүлэн оролцогч бүх талын эрх ашгийг хангасан дүрэм журам, тохирон гэрээ хэлцлийн хүрээнд өөрийн үйл ажиллагаа явуулах институт хэлбэрээр хөгжих ёстой гэдэг итгэл, үнэмшил, зарчим дээр бат зогсохыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.