Хүмүүнлэгийн тусламж ачсан 60 машиныг Газын зурвас руу нэвтрүүлжээ

Хүмүүнлэгийн тусламж ачсан 60 машиныг Газын зурвас руу нэвтрүүлжээ

Газын зурвасын хүн амд хүргэх хүмүүнлэгийн тусламж бүхий 60 ачааны машины цуваа Рафах хилийн боомтоор нэвтэрсэн тухай Египетийн телевизийн “Al-Kahera al-Ekhbariya” суваг мэдээллээ. 

Тус сувгаар мэдээлснээр, өчигдөр уг боомтоор мөн Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн хүсэлтээр бэлтгэсэн эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий нийт 47 автомашин нэвтэрсэн байна.

"Рафах" хилийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжуулан Газын зурвасын өмнөд хэсгийн оршин суугчдад хүмүүнлэгийн тусламж хүргэж байгаа юм. Эдгээр нь ихэвчлэн эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнс, ус, майхан, хувийн ариун цэврийн хэрэглэлүүд бөгөөд түлш шатахууныг нэвтрүүлэхгүй байгаа юм. 10 дугаар сарын 12-ноос хойш хүмүүнлэгийн тусламж ачсан нийт 100 орчим машиныг тус боомтоор Газын зурвас руу оруулжээ. “Al-Kahera al-Ekhbariya” сувгаар мэдээлснээр, аравдугаар сарын 29-ний өдрийн байдлаар илгээсэн нийт ачааны тал хувийг Газын зурваст шууд хүргээд байна.

Арабын улсуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Абу аль-Гейт өнгөрсөн долоо хоногт Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлын талаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлэхдээ "Газын зурваст өдөр бүр хүмүүнлэгийн тусламж бүхий 100 ачааны машин ирнэ гэж палестинчууд найдаж байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, одоогоор "Рафах" боомтоор нэвтрүүлж буй тусламж нь "Газын зурвасын оршин суугчдын хувьд далайд дусал төдий л байна". 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ