Израилын хуурай замын цэргийн ажиллагаа 6 долоо хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ гэж үзэж байна

Израилын хуурай замын цэргийн ажиллагаа 6 долоо хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ гэж үзэж байна

Газын зурваст Израилын армийн явуулах хуурай замын цэргийн ажиллагаа 6 долоо хоногоос 6 сар хүртэл үргэлжилнэ гэж Bloomberg агентлаг хэд хэдэн албан тушаалтны хэлснийг эш татан мэдээлсэн байна. 

Эх сурвалжуудын хэлснээр, ажиллагааны зорилго нь Палестины ХАМАС хөдөлгөөнийг устгах, Газын зурвасыг Израилын эсрэг хүчирхийллийн үүр уурхай болгохыг таслан зогсоох явдал юм. Bloomberg-ийн мэдээлснээр, АНУ зэрэг холбоотнуудын зүгээс ажиллагааныхаа зорилгыг илүү тодорхой томъёолохыг Израилын эрх баригчдаас хүсэж байгаа аж.

Аравдугаар сарын 7-нд Израил руу хийсэн дайралтад оролцсон ХАМАС-ын бүх удирдагчийг хөнөөх нь хуурай замын цэргийн ажиллагааны бас нэг зорилго гэж Израилын аюулгүй байдлын албаны эх сурвалж хэлжээ. Израилын төлөвлөгөөнд мөн дахин гарч болзошгүй гэнэтийн довтолгооноос сэргийлэхийн тулд Газын зурваст жийргэвч бүс байгуулах асуудал багтсан гэж Bloomberg мэдээлжээ. Израилын арми аравдугаар сарын 27-нд Газын зурвас руу хуурай замын цэргээ оруулсан байна. Үүний хариуд ХАМАС бүлэглэл бүс нутагт газраар ажиллагаа эхлүүлснээ зарлажээ. Харин Израилын эрх баригчид Газын зурваст хуурай замын цэргийн бүрэн хэмжээний ажиллагаа бус өргөтгөсөн ажиллагаа явуулсан гэж мэдэгдлээ. Аравдугаар сарын 28-нд Израилын батлан хамгаалах хүчин мэдэгдсэнээр бол, Газын зурвасын хойд хэсгийн газар доорх хонгилууд болон ХАМАС-ын дэд бүтэц зэрэг 150 байгууламжид цохилт өгсөн байна.

The New York Times сонинд бичсэнээр, Израилын эрх баригчид Газын зурваст бүрэн хэмжээний довтолгоо хийхээс зайлсхийж, хуурай замын хязгаарлагдмал ажиллагаа явуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ