Бясаа устгах, урьдчилан сэргийлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хотод сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд нийтийн тээвэр, үйлчилгээний газруудад томоохон ариутгалын ажил хийж байгаа ажээ.
Тодруулбал, Инчон олон улсын нисэх буудлын нийтийн халуун усны газар өнгөрсөн аравдугаар сард бясаа илэрч үйл ажиллагаагаа нь хаасан байна. Мөн Дэгү хотын коллежийн дотуур байранд бясаа илэрсэн гэх дуудлага бүртгэгджээ. Энэ мэтчилэн бясаа олширсон дуудлага ирсээр байгаагаас шалтгаалж Сөүл хотын захиргаанаас автобус, метро, такси, үйлчилгээний газруудыг халуун уураар ариутган цэвэрлэж шавжийн тархалтаас сэргийлэх арга хэмжээ авч байгаа юм байна.
Энэхүү хортон шавжтай тэмцэх зорилгоор Солонгосын засгийн газар шинэ устгах бодис нэвтрүүлэхээр судалгаа хийж байгаа аж.
Тус шавж хилийн чанадаас нэвтэрч болзошгүй тул бүх нисэх онгоцны буудлуудад бясааг илрүүлэн, шалгах ажиллагааг хийнэ гэж Солонгосын засгийн газраас мэдээлжээ. Сонирхуулахад, өнгөрсөн аравдугаар сард Парис хот 2024 оны зуны олимпоос өмнө бясаатай тэмцэх үндэсний ариутгалын ажил хийсэн аж.
Эх сурвалж: abc news