Т.Идэрхангай: Эзэнт гүрний үеийн язгууртнуудын хадны зургийг Өмнөговиос олсон /ВИДЕО/

Т.Идэрхангай: Эзэнт гүрний үеийн язгууртнуудын хадны зургийг Өмнөговиос олсон /ВИДЕО/

Хүннү, Сяньби, Ил хаант улсын түүх хэнийх вэ. Аль үндэстэнд хамаарах вэ. Түүхийн сударт эл үгийн хариулт "Монгол" хэмээн бичигдэх ч энэ цагийн эрдэмтэд зөвхөн баримт ярьж, хүмүүс гарт харагдаж, нүдэнд үзэгдэх биет зүйлст итгэх болсон. Улмаар "эртний хүчирхэг гүрний үргэлжлэл нь Монгол Улс мөн юм бол түүхээ бататгах баримт нь хаана байна" гэх яриа олон улсын эрдэмтдийн дунд газар авч, Хятад Улс газар нутгийн олдвороороо зарим түүхийг өөрийн хэмээн өмчлөх болоод байгаа билээ.

Иймд эл түүхийн баримтыг олох археологичид монголын тал нутагт урт хугацааны судалгаануудыг эхлүүлж, түүхээ хамгаалахаар тэмцэж буй. Үүний үр дүнд Монголын анхны төрт улс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Чен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс, Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас тус тус илрүүлсэн юм.

Тэгвэл уг нээлтийг хийсэн “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Төмөр-Очирын Идэрхангайгаар ахлуулсан баг хамт олон дахин нэг түүхийн бататгаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгаас Ил хаант улсын үеийн монголчуудын уламжлалыг харуулсан хадны зураг олжээ.

Түүнчлэн эл судалгааны үеэр Монголын тал нутгаас олдож байгаагүй одны зураг буюу “Долоон бурхан од”-ийг дүрсэлсэн зураг, Завийг үсэрч буй загасны хамт дүрсэлсэн зураг, зөвхөн өдрийн 11 цагийн нарны тусгалд харагддаг ямар нэг битүү зүйлд байрлах эрэгтэй хүний зураг гэхчлэн нийт 397 дурсгалт газрын 6259 хадны 20 мянга 953 дүрслэл зургуудыг олсон байна. 

Иймд бид Археологич Т.Идэрхангайтай тус багын олдворын бүтээлүүдээс шилмэл онцгой дүрслэл, зургуудыг онцлон ярилцлаа.

ВИДЕО: 

"Манай баг энэ оны тавдугаар сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын хүсэлтээр, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр Гурвантэс сумын археологийн хайгуулын ажлыг дэс дараатай хийж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сард Гурвантэс сумын Баясах болон Гоёот багийн нийт нутгаар хайгуул хийсэн. Үүнээс дөрвөн олдворыг онцлон ярья.

Үүний нэг нь өнгөрсөн тавдугаар сард Гурвантэс сумын нутгаас шинээр илрүүлэн олсон эртний монголчуудын хадны зураг,

Энэ хадны зурагт: Эзэн хаандаа бараалхаж буй олон хүний цувааг харуулахын сацуу эдгээр хүмүүсийн ихэнх нь урт хормой бүхий дээлтэй, богтаг малгайтай бөгөөд толгойн тушаа хоёр гараа дээш өргөн нэг зүйлийг хүндэтгэн өргөж цувран зогссон байдалтай хатдыг сийлжээ. Энэ хэсэг өгүүлэмжийн доод талд цомцог бүхий том гэрийг зурж, гэр рүү урдаа ваар сав барьсан урт хормойтой дээл, богтаг малгай бүхий мөн хатдыг замаар цуварч явааг харуулахын зэрэгцээ цувааны төгсгөлд морь хөтөлсөн хоёр эрийг баруун хөлөө нугалан өвдөглөж зүүн хөлөө хагас нугалан бөхийн ёсолсон байдалтайгаар маш тодорхой урлажээ. Харин энэ хоёр цувааны дунд хэсэгт чөдөр бүхий нэг мориор тахилга хийх гэж байгаа мэт хойно урд нь хүмүүс зогсож байгаагаар дүрсэлсэн байна. Дээрх дүрслэлүүдийн доод талд цомцог бүхий нэг жижиг гэрийг урлаж гэрийн дотор хоймор талд нэгэн том гонзгой авдар гэмээр нэгэн зүйл, түүний өмнө нэгэн том ваар тавьсан бололтой. Гэрийн гадаа нэгэн эмэгтэй өмнөө ваар барьсан байна. Энэхүү онцгой дүрслэлүүдийн эргэн тойронд эзэнт гүрний үеийн олон сүйх тэрэг, морьтон баатрууд олноор дүрслэгдсэн.

Ноёд, язгууртан, баатруудын хадны зураг

Дараагийн онцлох бүтээл нь Монголын нутгаас олдож байгаагүй гурван мянган жилийн өмнөх гэж үзэж буй уулын оройгоос олдсон “Долоон бурхан од”-ний зураг,

Энэ хадны зурагт: Долоон бурхан одыг дүрсэлсэн. Ойролцоох хэсэгт нь нэг тод од зурсныг нь "Алтан гадас" од хэмээн таамаглаж буй аж. Энэ зурагт багтсан тухайлсан одыг дүрсэлсэн дүрс нь ховор ялангуяа Монгол Улсад байдаггүй гэдгийг мэргэжилтнүүд баталжээ. Энэхүү дурсгал нь уулын нэг том амны үзүүр хэсэгт байх бөгөөд тус уулын оройгоос тэнгэр, цэлмэг од тод харагддаг байна. Тиймээс магадгүй 3-4 мянган жилийн өмнөх нүүдэлчин монголчууд од эрхсийг ажигладаг, одон орны мэдлэг өндөр байсан байх магадлалтай байгаа юм. Нөгөө талаас шүтлэгтэй байсныг харуулж буй. Учир нь монголчууд эрт үеэс долоон бурхан одонд хамаг бүхнээ даатгаж, мөргөдөг шашны уламжлал байдаг билээ.

"Долоон бурхан од"-ний хадны зураг

Дараах нэгэн сонирхолтой хадны зураг нь үдийн нарны тусгалд харагддаг ямар нэг зүйлийн дотор байрлах эрэгтэй хүмүүсийн зураг юм. Уг зургийг энгийн хүн харахад мэдэгдэхгүй. Учир нь зөвхөн үдийн 11 цагийн орчимд тусах нарны тусгалд тодорно харагддаг зураг, 

Энэ хадны зурагт: Гурван тусдаа эрэгтэй хүн ямар нэг юмны дотор байрлана. Дунд талд нь байрлах эрэгтэйг тойруулан дөрвөлжин зурсан бол баруун дээд буланд байрлах эрэгтэйг тойруулан зууван хэлбэртэй бөөрөнхий зурж орой хэсэгт нь цацраг хэлбэртэй гурван зураас дээш байрлалтай дүрсэлсэн. Харин баруун дээд талд байрлах эрэгтэйг гурвалжин хэлбэрийн зүйлээр тодруулж тойргийн доод хэсэг ямар нэг зүйлийг илэрхийлсэн дүрслэлийг зуржээ. Эл зураг нь үдийн нарны туяанд тодорч харагддаг бөгөөд бусад үед жирийн барзгар хад шиг харагддаг.

Үдийн 11 цагийн нарны туяанд харагддаг хадны зураг

"Хамгийн сонирхолтойн эл дүрслэлүүдийн дунд завь болон үсэрч буй загасыг дүрсэлсэн зураг байгаа. Эл зургийг одоогоор тайлаагүй байна. Цаашид уг бүтээлүүдийг нарийвчлан судалбал олон сонирхолтой зүйл гарна.

Завь болон загасны хадны зураг

Ер нь эзэнт гүрний үеийг дүрсэлсэн зураг Монголд байдаггүй. Тиймээс бид алдартай судрын чуулганы эсвэл хаадын хөргийг гадаадын эх сурвалжуудаас авч эрт үеийн дүрслэлд ашигладаг. Харин одоогоор яг монголын нутгаас олдсон зураг гэвэл нэг бэхэн зургаас өөр зүйлгүй. Харин  эртний түүхтэй дүйцэхүйц энэ мэт зураг монголын нутагт хадан дээр сийлээстэй үлджээ" гэдгийг археологич Т.Идэрхангай онцолж байсан юм.

Сонирхуулахад,  тус баг хамт олон Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ, Гурвантэс сумын ЗДТГ-тай хамтран "Өмнийн говийн соёлын өвийн гайхамшиг: Эртний нүүдэлчид ба Эзэнт гүрний язгууртнууд" хадны зургийн үзэсгэлэнг энэ сарын 25-нд нээхээр ажиллаж буй юм байна.

ФОТО: