Г.Баярхүү: Хүнд цохилттой болохоор Монголд намайг “Лантуу” гэж хочилдог байсан. Харин Солонгосчууд хатуу нударгатай гээд “Чулуу” гэж хочилдог /ВИДЕО/

Г.Баярхүү: Хүнд цохилттой болохоор Монголд намайг “Лантуу” гэж хочилдог байсан. Харин Солонгосчууд хатуу нударгатай гээд “Чулуу” гэж хочилдог /ВИДЕО/

Саяхан л бид холимог тулаан, мэргэжлийн боксыг гүйлгэхээс биш үздэггүй. Гаднын тамирчдыг дэмжихээс биш рингд Монгол хүн бараг л олж хардаггүй байсан ч сүүлийн үед энд тэндхийн А зэрэглэлийн тэмцээнүүдэд монгол залуус оролцож бахдам амжилт үзүүлснээр бид үзэх тулаан, дэмжих тамирчидтай болов. 20 гаруйхан насны идэр залуу эрчүүд энхийн цагт тив, дэлхийн дэвжээнд Монгол залуусын эр зориг, ур чадварыг харуулахаар хүнд хэцүү бэлтгэлийг давж, зарим нь харь нутагт, зарим нь эх орноосоо эхлүүлэн хичээж буйн үр дүнг бид харлаа. Иймд бид энэ удаа   мэргэжлийн боксын шинэ од, нэгэн онцлох зочныг студидээ урьж ярилцлаа.                                                                   

“Манай солонгос багш гарын шавьтай болохын тулд азийн бүх орнуудаар явж, шигшээ багуудаас нь тав таван хүн онцлон судалж байгаад Монголоос намайг сонгож авсан юм байна лээ. Багш маань намайг ялах бүрд ямар нэг хүссэн зүйлийг маань хийж өгдөг. Нэг ялалтын маань дараа Монголд ирж ээжийн маань газар дээр очиж хүндэтгэл үзүүлж байсан. Бас сая Азийн аваргын бүс авахад мөн л ээжийн маань газар дээр ирээд “би өмнө нь ирэхдээ хүүг чинь Азийн аварга болгон гэж амлаж байсан амлалтдаа хүрлээ” гэж ёсолсон. Хувь тохиолоор багш маань ээжтэй минь нэг өдөр төрсөн гээд ер нь их азтай гайхалтай учрал гэж би боддог” хэмээн ярих эрэгтэй бол Мэргэжлийн боксын Солонгосын аварга, WBA холбооны Азийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү.

ВИДЕО: 

Түүний хувьд мэргэжлийг боксыг сонгож шигшээ баг, харьяа клубээсээ гараад БНСУ-ыг зорьж, жилийн дараа Азийн аваргын бүстэй эх орондоо ирлээд байгаа билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Хэдэн настайгаасаа энэ спортоор хичээллэж эхэлсэн талаар яриагаа эхэлье. Ямар ямар багштай байв. Мөн ямар амжилтуудыг үзүүлэв?

-Би 15 настайгаасаа эхлэн 13 жил боксоор хичээллэж байна. Наймдугаар ангиа төгсдөг жилээ Улаанбаатар хотод орж ирээд анх боксоор хичээллэсэн. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Төрбат багш дээрээ анх шавь орж, “Ширэн бээлий” клубт бэлтгэл хийж байгаад 2016 онд Монгол Улсын шигшээ багийн тамирчин болсон. Үүний дараа мэргэжлийн боксын тамирчин болоод Солонгосоос урилга ирж, тус улсын Samsung боксын клубт мэргэжлийн боксын клубийн тамирчнаар хичээллээд жил болж байна.

Мэргэжлийн боксын Солонгосын аварга, WBA холбооны Азийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү

-Улсаа төлөөлөн ямар тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргаж байсан бэ?

-Нэлээд олон тэмцээнд оролцож байсан. Ганц нэгийг онцолбол “Их шавь” клубт байхдаа олон тэмцээнд оролцож, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, дэлхийн аварга зэрэг олон тэмцээнд оролцож багагүй амжилт үзүүлсэн.

-Би нэг тийм зүйл сонсож байсан юм. Таныг “шигшээ багын тамирчин байхдаа багшдаа хэлэлгүй Хятад руу бооцоот тэмцээнд явчихсан байсан гэж” ярьж болох бол энэ талаарх хуваалцаач?

-Аан тийн. Нэг тийм юм болж байсан. 2018 онд анхны мэргэжлийн боксын тэмцээнд Г.Цэндбаатартай явж байсан. Тэр үед бид хоёр хоёулхнаа нууцаар яваад очиж, тоглолт хийсэн. Чимээгүй байя гэсэн боловч тухайн үед ялтгүй баригдаж, холбооны удирдлагуудын хурлаар ороод бид хоёрт арга хэмжээ авах асуудлаар хэлэлцээд ахиж, ийм явдал гаргахгүй гэсэн өргөдөл бичиж тэр асуудлаас мултарсан. Тухайн үед Э.Цэндбаатар бид хоёрт хоёуланд нь Хятадын том холбоодоос гэрээ хийх хүсэлт тавьж байсан. Тухайн үед бид хоёр бодож үзье гэж хэлээд Монголдоо ирчхээд байж байтал корона ч гарсан.

-Дараа нь мөн л Э.Цэндбаатартай ОХУ-д бас очиж тоглож байсан. Тэнд яг юу болов?

-2022 онд Э.Цэндбаатар бид хоёр ОХУ руу мэргэжлийн боксын тулаанд цуг явж байсан. Тухайн үед корона дуусаад удаагүй, тэмцээн уралдаан ч байхгүй байсан тул бид хоёр дасгалжуулагч нартайгаа ярьж байгаад тулалдахаар явж байсан. Гэхдээ тухайн үед бол мэргэжлийн бокс гэж юу ч мэдэхгүй хоёр хүн нэгнийгээ хөөргөөд очоод алаад өгнө л гэж очсон. Тэгээд миний хувьд жингээ ахиулж, өөр жинд зургаан раунд тоглож байж оноогоороо ялсан. Тэр тулаан надад маш том сургамж болсон.

-Одоо БНСУ-д Азийн аварга болчихлоо. Ер нь Солонгост тоглох санал яаж ирсэн бол та өөрөө хэрхэн хүлээн авч байв. Мөн БНСУ-д очиход ямар орчин угтсан бэ. Төсөөлснөөс өөр байсан уу?

-Миний хувьд мэргэжлийн бокс руу гаръя гэсэн бодолтой явдаг байсан.Тэгээд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Батнасан багш маань Солонгост урилгаар дасгалжуулагч хийж байхдаа Солонгос дасгалжуулагч нартай уулзах үеэр манай одоогийн солонгос багш Монголоос мэргэжлийн бокст тоглох хүсэлтээ хүүхдүүдийг асуухад багш маань надаас гадан таван хүүхдийг санал болгосон юм байна лээ. Гэхдээ үнэндээ солонгос багш маань гарын шавьтай болох гэж бүх Азийн орнуудаар явж шигшээ багт нь байдаг тав таван тамирчдаас судалж байгаад намайг л сонгосон. Тиймээс би өөрийгөө азтай, багштайгаа учрах тавилантай байсан гэж боддог. Тэгээд ямартай ч тухайн үед ямар ч төсөөлөлгүй мөрөөдөлдөө хөтлөгдөөд Солонгос руу явсан. Энд байсан шигшээ баг, “Хүч” спорт хороогоо орхиод зөвхөн өөртөө зоригтой шийдвэр гаргасан. Одоо бодоход миний зөв байсан юм шиг санагддаг.

Мэргэжлийн боксын Солонгосын аварга, WBA холбооны Азийн аварга, Олон Улсын хэмжээний мастер, Самсунг /Samsung/ клубийн тамирчин Ганбаатарын Баярхүү

-Хүлээж авсан орчин болоод Солонгосын мэргэжлийн боксын бэлтгэл сургуулилт ямар байв?  

-Өмнө нь Солонгост очиж байгаагүйг ч хэлэх үү тэс өөр орчин байсан. Дээрээс нь монгол хүн байхгүй, багштайгаа ч ойлголцохгүй translat-ээр хэдэн үг солих гэж үздэг байсан.Тэгээд миний анхны тэмцээн дээр л монгол орчуулагч авч ирж байсан. Нэг их удалгүй багштайгаа ойлголцдог болсон. Харин бэлтгэлийн хувьд маш хэцүү байсан. Монголд олон жил шигшээ багийн тамирчин байсан учраас өөрийгөө туршлагатай, мэргэжлийн бокст гарахад бол санаа зовох зүйлгүй гэж бодсон ч эхний тулаанаа хийхээс 20 хоногийн өмнө очоод маш их бэлтгэл хийсэн. Бэлтгэл нь анх очиход маш чанга байсан. Бүр долоо хоног шахуу орноосоо босож чадахгүй, бэлтгэлээсээ шантраад, би юу хийчхэв ээ, чадах юм уу гэсэн юм бодож байсан. Тэгээд нэгэнт ирчихсэн юм чинь тэвчинэ гэж байгаад л эхний тулаандаа орж, ялалт авснаар Солонгос дахь бэлтгэл сургуулилт, тулаанууд маань жинхэнээсээ эхэлсэн дээ. Бас бокс гэдэг үг нь адилхан болохоос мэргэжлийн сонирхогчийн бокс хоёр шал өөр. Сонирхогчдын бокс бол гурван раунд л тоглоно. Гурван раунд гэдэг бол маш богино, маш хурдтай байх ёстой. Мэргэжлийн бокс бол 12 раунд тоглох учраас маш урт , тэсвэр тэвчээр шаардсан бэлтгэлүүд байдаг юм байна лээ.

-Солонгост очоод хийсэн эхний тулааны сэтгэгдлээ хуваалцаач. Мөн бүсний төлөө тоглохыг тулд хэд хэдэн ялалт байгуулах ёстой байдаг шүү дээ. Тэдгээр тоглолтуудаас хамгийн хүнд тоглолт, хүчтэй өрсөлдөгч нь ямар хүн байв?

-Миний хувьд эхний тоглолтод өөртөө итгэлтэй байсан учраас хожсон. Тэр хүртэл явж очсон юм чинь эхний тулаандаа заавал ялах ёстой гэсэн маш их тэмүүлэл байсан нь голчлон нөлөөлсөн байх. Харин Вьетнамд нэг тоглолтод оролцож байсан. Өмнөх тулаанаасаа 14 хонгийн дараа болсон болохоор гар маань нэлээд бэртэлтэй байсан. Хүчтэй өрсөлдөгч байсан болохоор олон раунд тоглож би оноогоороо хожиж байсан.

-Харин аваргын тоглолт талаар?

-Аваргын бүсний төлөө тоглосон тамирчин маань чансаа дээгүүр туршлагатай бодож байснаас маш өндөр зэрэглэлийн тамирчин байсан. Аздаа чансаагаараа нэгдүгээрт бичигддэг нэг ч ялагдалгүй 10 ялсан тамирчин болохоор улааны үеэр би аварга шүү дээ. Чамайг бол ална л гэсэн харцтай эхний таван раунд тоглоход сууж амрахгүй намайг хүлээж зогссон байдалтай байсан. Тоглолт 8 раунд үргэлжилж, би наймдугаар раундад хүнд цохилтоор ялсан. Энэ ялалт маань надад маш том урам зориг, өөртөө итгэх итгэлийг өгсөн.

-Таныг тулаанаа маш хурдан дуусгадаг. Хүнд цохилттой гээд солонгосчууд нэг хоч өгдөг гэсэн. Юу гэдэг юм бэ?

-Монголд байхад манай шигшээ багын багш нар намайг “лантуу” гэж хочилдог байсан. 2016 онд Хятадад болсон тэмцээнээр тулалдсан өрсөлдөгч болгоноо хугацаанаас нь өмнө хүнд цохилтод оруулж ялалт байгуулсан үеэс энэ хоч яриа эхэлсэн. Тэгээд Солонгост очиход багш маань надад монголоор “Хад чулуу” гэсэн утгатай солонгос нэр өгсөн. Түүнээс хойш солонгосчууд намайг чулуу шиг хүчтэй нударгатай гээд “чулуу, чулуу” гэж хочлох болсон.

-Холимог тулаанчид ч юм уу, мэргэжлийн боксын тамирчдын бэлтгэлд сэтгэлзүй хамгийн чухал байдаг болохоор тамирчин болгон тулааны үед баримталдаг заримтай байдаг юм байна лээ. Таны хувьд?

-Тэгэлгүй яах вэ. Тамирчдыг амжилтад хүргэх ганц зүйл нь өндөр сахилга бат, сэтгэлзүй байдаг л даа. Миний хувьд ер нь хараад байхад мундаг аваргууд даруу төлөв байдаг болохоор яг л тэдэн шиг даруу байж, зөвхөн ринг дээрээ л хамаг хүчээ гаргаж, монгол хүн ямар вэ гэдгийг харуулдаг. Харин тоглохдоо аль болох хурдан дуусгахын хичээдэг. Учир нь мэргэжлийн боксын бээлий маш нимгэн байдаг учраас гар болон толгойны гэмтэл гээд олон раундын дараа шөнө ч унтаж болохгүй өвддөг. Тиймээс өөрийгөө зовоолгүй хурдан дуусгах бодлогоор тоглодог гэх юм уу. Гэхдээ өрсөлдөгчөө харж байгаад туршлагатай эсвэл араггүй чансаатай тоглогч байвал удаан ажиглаж, анхааралтай тоглох нь бий.

-Түрүүн манай солонгос багш гэж нэлээд хэллээ шүү дээ. Багшийнхаа талаар яриач. Таныг бас их урамшуулдаг юм шиг байна лээ. 

-Манай багш анхнаасаа л намайг ямар зан чанартай, ямар хүн бэ гэдгийг мэдчихсэн. Багш маань надад маш их анхаарал тавьдаг. Шавь гэхээсээ илүү гэр бүлийнхээ хүн шиг л байнга асарч тойлж явдаг. Ерөнхийдөө тэмцээн дуусаад амжилттай оролцох бүрд багш маань шагнадаг “хэрэгтэй юм юу байна. Юу хиймээр байна” гэхээр нь хүссэн зүйлээ хэлбэл надад хийж өгч урамшуулдаг. Нөгөө талаар дасгалжуулагч хүний хувиар тамирчнаа юунд ч санаа зовоохгүй, стрессгүй байлгахыг боддог юм шиг санагддаг.

-Тэмцээндээ сайн оролцвол хүсэж байгаа, бодсон зүйлийг маань өгдөг гэлээ. Тэгэхээр та нэг тоглолтынхоо дараа багштайгаа хамт Монголд ирж, ээжийнхээ газарт очсон байсан. Тэр үйл явдлын талаар дурдаж болох уу?

-Тэр маш гоё үйл явдал л даа. Анх солонгос багштайгаа танилцахад манай ээжтэй нэг өдөр төрсөн байж таарсан. Тэгээд ч юм уу манай багш тэмцээн дуусгаад Монголд ирэх болгондоо ээжийн газар дээр хамгийн түрүүнд очиж хүндэтгэл үзүүлдэг. Сая Азийн аварга, Солонгосын аварга болоод ээжийн газар дээр очоод буцахад багш “Хүүг нь Азийн аварга болгоод буцаж очихдоо би амлалтаа биелүүлсэн” гэж ярьж байсан.

-Та зун монголд ирдэг юм байна лээ. Мэргэжлийн боксын тамирчид үргэлж бэлтгэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр монголд байх хугацаандаа бэлтгэлээ яаж хийж, багш нь хэрхэн хянадаг вэ?

-Монголд ирсэн хугацаандаа өглөөний бэлтгэлийг өөрөө хийж, өдрийн бэлтгэлийг монгол дахь “Ширэн бээлий”, “One Team” клубүүдэд монгол багш нарынхаа удирдлагад хийдэг. Харин солонгос багш маань утсаар миний бэлтгэлийг харж, дасгалжуулдаг.

-Азийн аварга болчихлоо. Одоо хүлээгдэж байгаа тоглолтууд юу байна?

-Одоо он гараад гурван том тэмцээний гэрээ хийчхээд ирсэн. Эхний тэмцээн маань нэгдүгээр сард байгаа. Дараагийн хоёр тулаан нь хоёулаа бүсний төлөөх тоглолтууд байгаа. Харин тавдугаар сард маш хариуцлагатай оролцох, дэлхийн хэмжээний том тэмцээн байгаа. Тэгээд энэ гурван тэмцээндээ багштайгаа маш анхааралтай төлөвлөгөө зохиож бэлтгэлээ эхлүүлээд байгаа.