“Монгол Хаан жүжгийн тойм — Лир Ван жүжгийг Нарны Цирк толилуулах мэт" хэмээн The Times "Тамгагүй төр"-ийг онцолжээ

“Монгол Хаан жүжгийн тойм — Лир Ван жүжгийг Нарны Цирк толилуулах мэт" хэмээн The Times "Тамгагүй төр"-ийг онцолжээ

Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө долоо дахь өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Мөн Лондон хотын театр, агентлагуудаас 5 ОД гэсэн үнэлгээ өгч, улмаар "Тамгагүй төр" жүжгийг үзэх гэсэн иргэдийн эрэлт их байгаа тул өчигдөр /2023.11.25/-өөс эхлэн өдөрт хоёр удаа буюу орон нутгийн цагаар 14:00, 19:00 цагт тоглохоор болжээ.

Тэгвэл Дэлхийн алдарт Times.com сайтад, "Монгол Хаан” жүжиг нь Лир Ван жүжгийг Нарны Цирк толилуулах мэт мэдрэмжийг өгч байна" хэмжээ онцолжээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: The Times

Тус нийтлэлд; 

"Энэ бүтээлийг туульс хэмээн тодотгосон нь хэтрүүлэг биш юм. Их Британид анх удаа Монголоос айлчлан тавигдаж буй ирсэн энэхүү бүтээл нь Колизейн үлэмж тайзыг ч хөл үймээн ихтэй харагдуулах үзүүлбэр аж. Тайзнаах гойд уран нарийн хийц чимэглэлтэй тайз засал, жүжигчид, бүжигчид, уран нугараачид бүхий дал гаруй уран бүтээлчид хорших нь нүд эцээм. Дэвслэн нүргэлэх, тас няс хийх нь ч чих дөжрөм.

Эл бүгд Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэсэн, өдгөөгөөс хоёр мянганы тэртээ, тодруулбал Чингис хаанаас мянган оны өмнөх цаг үед өрнөх баатарлаг түүхийг өгүүлнэ. Энэ жүжгийн гол дүр нь төрт ёсны угсаа залгамж нь мухардахад хүрсэн нэгэн хаан. Хаантан хэдхэн хоногийн зайтай мэндэлсэн хоёр нуган үрийнхээ хэнд нь хаан ор залгамжлуулах вэ? Эцэг  байж таарамгүй ахимаг хатныхаа хүүд үү, эсхүл мах цусны тасархай нь нутад бага хатныхаа нуган үрдээ юу?

Хаантан зүйргүй хайртай бага хатныхаа хүүг өөрийн залгамжлагчаараа зарлах авч, хааны шадар зөвлөхийн хорон бузар сэдлээр хоёр хүүг төрсөн даруйд нь өлгийнд нь сольсон тухайд эс мэднэ. Ийн лай ланчиг ар араасаа ургана.

Энэ бүтээл эцэстээ амь, цусаар л төгсөх нь дамжиггүй атгаг санаархал, атаа хорсол, арсах тэмцэл, андуу тавилан, адгам хүсэл, амин золиосын туульс ажгуу. Бүжиг, хөгжим, хүүхэлдэй, хүүрнэлээр хамсран өгүүлэгдэх энэ зохиол мөн англи хэлээр үзэгчдэд зэрэг хүрэх бөгөөд жүжгийн зохиолч Тимберлейк Уэртенбэйкерийн хянан найруулсан орчуулга нь найруулагч Баатарын улаанаар нэвчиж, ухаан дэнсэлгэсэн бүтээлийн дээгүүр урсан үзэгдэнэ. Харин дориун чанга хөгжим нь Монгол хөг аялгууны уламжлал, өрнийн яруу найрслын зарчим, хүнд рок хөгжмийн бүрдвэрийг нийтгэн зохирчээ.

Төв Азийн талын нүүдэлчдийн уламжлалт өв соёлоос үүтгэсэн өмсгөл хувцас нь өвч улаан голлож, алт эрдэнэс чимсэн ганган тансаг, хээнцэр гоёмсог агаад мангасын баг, галаар тургигч хүүхэлдэйн луу ч бий. Тавь гаруй уран бүжээчид тайзнаа мяраан хөлхөж, уухирдсан энэлэл үймрэл, улангассан тулаан тэмцлийг ч биеэр дүрслэн бодотоор үзүүлэх нь Лир Ван жүжгийг Нарны цирк толилуулах мэт.

Лир ванг санагдуулам Арчуг хааны дүрийг бүтээгч Ганболдын Эрдэнэбилэг тэргүүт жүжигчдийн дүрдээ хувирах нь үнэхээр амьдрал дээр өрнөөд буй мэт ухуулан үнэмшүүлнэ. Гол дүрийн жүжигчин Хааны дүрээрээ төрт улсынхаа хойчийн төлөө юугаа ч үл хайрлах гүрний эзэн, төрсөн үрсийнхээ төлөө тарчлан шаналах өрхийн тэргүүнийг урлан хөрөглөж чадсан нь тайзнаа буцлан дүрэлзэх нэн эрмүүн өрнүүн үйл явдал дундаас Шекспирийн дүрийн цог заль, хүчирхэг хүмүүний ид хаваараа тодрон цолгорох ажээ" хэмээжээ.