"МАН 2024 сонгуулийн ялалт"-аа АН-ын дарга Л.Гантөмөр нараар хүлээн зөвшөөрүүлж "Зөвшилцөх санамж бичиг"-т гарын үсэг зуруулав уу

"МАН 2024 сонгуулийн ялалт"-аа АН-ын дарга Л.Гантөмөр нараар хүлээн зөвшөөрүүлж "Зөвшилцөх санамж бичиг"-т гарын үсэг зуруулав уу

Хан-Уул дүүрэгт олон хүн, бага насны хүүхдүүд гал түймрийн улмаас амиа алдаж, жил дамнан яригдаж буй “Нүүрсний сонсгол”-ын хоёр дахь шат болж иргэд эдгээр асуудлууд руу анхаарч байх хооронд УИХ-ын 2024 оны сонгуулийг явуулах МАН-ын боловсруулсан “тоглоомын дүрэм” дээр улс төрийн намууд нэгдэж, “тойргийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолыг ч УИХ-аар хэлэлцсэн долоо хоног болж өнгөрч байна.

-БҮСЧИЛЖ, ТОМРУУЛСАН ТОЙРГООС ОЛОН ТАНИГДСАН МАН-ЫН НЭР ДЭВШИГЧ Л СОНГОГДОНО-

Тодруулбал,  Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн найман дүүргийг нэгтгэж УИХ-ын сонгуулийн 13 бүс болгоод парламентад суух 78 гишүүнийг бүсчилж, томсгосон мажоритар системээр сонгох бол 48 гишүүнийг нь пропорционалиар тодруулж 2024 оны сонгуулийг “холимог систем”-ээр явуулахаар тогтоод байна. Тухайлбал,  Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нийлүүлж 1 дүгээр тойрог болгож УИХ-д суух 9 гишүүнийг тодруулах бол, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгууд нийлж 2 дугаар тойрог болж 10 гишүүнийг тодруулах ажээ. 

УИХ-ын сонгуулийн мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төсөл

Харин Баян-Өлгий аймгийг дангаар нь УИХ-ын сонгуулийн тойрог болгож байгааг зарим иргэд эсэргүүцэж “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулж, хожим бидэнд нөхөж баршгүй хохирол үүсэж магадгүй” хэмээн буруутгаж байна. Тэгвэл Баян-Өлгий аймгийг тусад нь УИХ-ын сонгуулийн тойрог болгох хөөцөлдлөгөөг Х.Баделхан, Т.Аубакир нар хийсэн гэх мэдээлэл байгаа юм. 

ВИДЕО:

Улаанбаатар хотын хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нийлүүлж 10 дугаар тойрог болгон УИХ-ын 6 гишүүнийг тодруулах бол Багануур, Багахангай, Налайх дүүргүүд нийлж 13 дугаар тойрог гэх нэрийдлээр 2 гишүүн парламентад суух ажээ. Харин Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүд аль нэг дүүрэгтэй нийлэхгүйгээр тойргийн хуучин бүтцээрээ УИХ-ын гишүүд нь сонгогдох аж.

Товчхондоо, 2024 оны УИХ-ын сонгуульд МАН дахин ялалт байгуулахаар “тоглоомын дүрэм”-ээ өөрсдөө ийнхүү зохиож байна. Учир нь бүсчилж томруулсан мажоритар систем буюу “том тойрог”-т иргэдэд танигдаагүй шинэ залуу нэр дэвшигч сонгогдох боломж бараг байхгүй. Иймд МАН-ын удирдлагууд олонд танигдсан хуучин гишүүдээ тойрогт дэвшүүлж, шинэ залуу нэр дэвшигчдээ намынхаа жагсаалтад оруулахаар төлөвлөөд байгаа аж.

-СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙХ АЖЛЫН ХЭСЭГ АН ДЭЭР БАЙГУУЛАГДААД БАЙЖЭЭ-

Тэгвэл МАН-ын удирдлагууд өөрсдийн зохиосон “тоглоомын дүрэм”-ээ парламентад суудалтай АН, ХҮН гэсэн улс төрийн намуудаар хүлээн зөвшөөрүүлж, “Зөвшилцөх санамж бичиг” гэгчид өнгөрөгч Лхагва гараг /2023.12.20/-т гарын үсэг зурцгаалаа. Энэ бол олон намын тогтолцоотой Монгол Улсын хувьд бол анхны тохиолдол, нөгөө талаар сонгуулийн хууль дээр улс төрийн намууд нь зөвшилцөөд байдаг тохиолдол дэлхий дээр бараг байхгүй. Үүнийг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сайшааж, “Урьд хожид гарч байгаагүй МАН-ын даргын гавьяа” гэсэн утгатай үгийг хэлж байгаа харагдсан.

Парламентад суудалтай улс төрийн намууд "Зөвшилцөх санамж бичиг"-т гарын үсэг зурав. 2023.12.20

Тэдний гарын үсэг зурсан санамж бичгийн гол агуулга нь “УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг Үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх” гэсэн өнгөн хэсэгтэй.

Харин цаад шалтгаан нь үнэндээ “УИХ-ын 2024 оны сонгуулийн ялалтаа МАН улс төрийн бусад намуудаар хүлээн зөвшөөрүүлж” байх магадлалтай тул Ц.Даваасүрэн мэтийн гишүүд нь сайшааж байгаа нь цаад учир шалтгаантай байх талтай.  

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-ыг дахин ялуулахын тулд өөрсдөөсөө шалтгаалах бүгдийг сүүлийн жилүүдэд хийсэн гэж болно. Тухайлбал, Үндсэн хуулийг өөрчилж сонгуулийн холимог системийг нэмсэн, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон, авлига шударга ёс хэмээж хүний, өөрийн намын зарим гишүүдээ нийгэмд намнасан гээд олон асуудал байгаа. Эцэст нь сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах тоглоомын дүрмийг зохиож, бусад улс төрийн намуудаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа.

Харин МАН-ын 2024 оны сонгуулийн ялалтыг улс төрийн намууд болоод иргэд хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэх вий гэхээс тэд ихэд болгоомжилж байх талтай.

Иймээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Д.Доржханд нартай “Зөвшилцлийн санамж бичиг” гэгчид гарын үсэг зурж байгаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн ялалтаа АН, ХҮН зэрэг улс төрийн намуудаар эхнээс нь хүлээн зөвшөөрүүлж байх талтай байна. Учир нь “2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх ажлын хэсэг” АН дээр байгуулагдаад байжээ. Нөгөө талаар 2008 оны долоодугаар сарын 01 /2008.07.01/-нд УИХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй сөрөг хүч болоод иргэдийн эсэргүүцэлтэй МАН-ын удирдлагууд нүүр тулж, таван хүний амь нас үрэгдэж байсан гашуун түүхтэй.