Монгол кино үйлдвэрээс 1977 онд хийсэн “Зуслангийн найзууд” киноны сэтгэлд хоногшсон дүрүүдийн нэг зуслангийн атаман Чинбат буюу бэлтгэл хурандаа Г.Мөнхдөлийг бид студидээ урьж ярилцлаа.
ВИДЕО:
-Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Монгол кино үйлдвэрээс 1977 онд хийсэн “Зуслангийн найзууд” киноны маань 50 жил удахгүй болох гэж байна. Би энэ киноны гол дүрийн нэг болох атаман Чинбатын дүрд их азтай тохиолдлоор тоглосон хүн байна. Намайг Г.Мөнхдөл гэдэг.
-“Зуслангийн найзууд” кинонд мэргэжлийн жүжигчин бараг байхгүй, дандаа дунд сургуулийн хүүхдүүд тоглодог. Тухайн үед киноны гол дүрүүдийн нэг атаман Чинбатын дүрд хэрхэн сонгогдож байв?
-Би тухайн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн долдугаар ангид сурч байсан. Долдугаар анги төгсдөг хавар тавдугаар сарын 5, 6-ны үе шиг санагддаг. Киноны дүрийг хайж манай сургууль дээр Б.Дамчаа гуай ирсэн юм.
Сургуулийн үүдэнд Б.Дамчаа гуайтай таараад, жаахан дэггүйтээд “Муу Молом үхээгүй байсан юм уу” гээд араас нь хэлсэн. Тэр үед Б.Дамчаа гуайг “Үер” киноны дүрээр нь мэддэг байсан юм. Тэгээд ангийнхаа хүүхдүүдтэй инээлдээд гараад явж байсан чинь гэнэт араас шилэн хүзүүн дээрээс хүн бариад авах шиг болсон. Эргээд харсан чинь Б.Дамчаа гуай “Юу гэнэ ээ” гэсэн. Тухайн үеийн хүүхдүүд чинь том хүнээс айдаг, эмээдэг байсан шүү дээ. Сандраад “Дамчаа гуай, Дамчаа гуай уучлаарай” гэсэн.
Тэгсэн “За миний дүү аль сургууль вэ. Хэддүгээр анги вэ” гэсэн. 21 дүгээр сургууль, долдугаар анги гэсэн. “Гэр хаана вэ” гэхээр нь “Энд ойрхон” гэсэн. “Кинонд чи тоглох сонирхолтой юу” гэж байна. Б.Дамчаа гуайгаас айж байсан ч, загнаагүйд нь баярлаад “Дуртай” л гэсэн. Алив чи цаашаа зогс доо. За наашаа хараадах гээд л. Намайг эргүүлж тойруулж харчихаад “Маргааш 13:00 цагт Кино үйлдвэр дээр яваад очоорой. Битгий хоцроорой” гэсэн.
-АТАМАН ЧИНБАТ БОЛ МУУ ХҮН БИШ ШҮҮ ГЭЖ Б.ДАМЧАА ГУАЙ НАДАД ХЭЛЖ БАЙСАН-
-Тухайн үеэд атаман Чинбатын дүрд хэдэн хүүхэд шалгуулж байсан бол. Та ямар ямар шалгуурыг давсан бэ?
-Арав гаруй хүүхэд шалгуулж байсан юм билээ. Маргааш нь намайг очсон чинь Х.Дамдин багш “Чи кинонд тоглох дуртай юу” гэсэн. “Дуртай” л гэсэн. Өөр юу хэлэх вэ дээ. “За чи нэг этюд хий дээ”гэсэн. Би ойлгодоггүй. Чи таван минут бодож байгаад жүжиглэ гэсэн. Би багадаа ном их уншдаг хүүхэд байсан юм. Нэг удаа намайг ном уншиж байхад шалны завсраар хулгана гарч ирээд би цочсондоо номоо шидчихэж байсан юм. Тэрийг бодож байгаад этюд гэдэг юмыг чинь үзүүллээ дээ. Их үнэмшилтэй байсан юм байлгүй. “За болж байна” гэсэн. Тэгээд “За миний дүү кинонд тоглохын тулд их олон удаа шалгадаг юм. Чи өнөөдөр тэнцлээ. Маргааш ирээрэй гэсэн. Маргааш нь зургаар проб хийлээ. Урдаас, хойноос зураг аваад, инээлгээд, уурлуулаад, хөмсгөө зангид гэсэн.
-Атаман Чинбатын дүрд тоглох танд хэцүү байсан уу?
-Б.Дамчаа гуай надад кино зохиол уншуулаад “Чиний дүр энэ шүү. Атаман гэдэг дүр байгаа юм. Гэхдээ энэ чинь муу хүн биш шүү” гээд хэлж байсан. Атаман Чинбат бол тэр кинон дээр муу зан үйл хийдэггүй шүү дээ. Бусдад тэнд байгаа хүмүүст “Атаман” болж үзүүлэх гээд байдаг. Яг зодолдоё гэхээр “Өөрөө зодолдохгүй”. Мангар Эрдэнээтэй зодолдуулаад л “Чи надтай зодолдсон бол сүйд болох байж” гэх жишээтэй. Үг хэл, үйлдлээрээ л бусдыг манлайлаад атаман болдог. Тэр үеийнхэн чинь өөрөөсөө жаахан илүү хүүхдийг л “Атаман” гэдэг байлаа шүү дээ. Өөрийгөө атаман гэж зарлахаас илүүтэй тойрон хүрээлэгчид, даган баясдаг хүмүүс нь атаман гээд хүрээлээд явчихдаг тийм л байсан үе. Тэрийг атаман Чинбатын дүрээр зөв гаргаж өгсөн нь хүүхдийн хүмүүжилд эерэг зөвөөр нөлөөлсөн болов уу гэж боддог юм.
-АТАМАНЫ ДҮРИЙГ ТОДОТГОЖ ӨГДӨГ ХУУЧНЫ ШЛЯПАН МАЛГАЙГ Х.ДАМДИН БАГШ ӨӨРӨӨ СОНГОЖ ӨГСӨН-
-Атаманы дүрийг тодотгож өгсөн малгайг Х.Дамдин багш өөрөө сонгож өгсөн гэдэг?
-Энэ кинонд атаманыг тодотгож өгдөг нэг зүйл бол малгай байдаг. Гэхдээ тэр зохиол дээрээ ийм малгайтай байна гэсэн зүйл байгаагүй. Х.Дамдин багш маань кино үйлдвэрийн хувцсыг агуулдаг авдраас хэд хэдэн малгай гаргаж ирээд нэгийг нь сонгосон. Хуучны шляпан малгай байсан. Тэрийг гаргаж ирээд надад өмсгөсөн. Нэг хазайлгаад, нэг урагш нь болгоод янз бүрээр үзсэн. Тэгээд “Энэ малгай яг болно” гэсэн. Тэгэхээр нь би “Ийм малгай өмсөөд байхдаа яахав дээ, тоглож байгаа байх” гэж бодохгүй юу. Дараа нь үзэхэд тэр малгай миний дүрийг үнэхээр сайн тодотгож өгсөн байсан. Кино зураг авалт дууссаны дараа би “Тэр малгайг авья” гэж гуйсан. Тэгсэн “Кино үйлдвэрийн данстай малгай” гээд өгөөгүй.
-Зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй явдлуудаасаа хуваалцахгүй юу?
-Атаманыг гэртээ байж байхад “нус Ганаа” орж ирдэг. “Атаман аа, атаман аа” ногооны талбайд Өлзий ямаа оруулчихлаа” гэдэг шүү дээ. Яг тэр хэсэг бол кино зохиол дээр арай өөр байсан. Ямар байсан гэхээр “Бухыг уурлуулаад зугтаахдаа модон дээр гардаг. Бух нь мод мөргөдөг” тиймэрхүү агуулгатай байсан. Яг кино зураг авах гэсэн чинь нөгөө бух нь улайрч уурлаж өгдөггүй. Тухайн үед киноны туслах багийнхан бухыг улайрч уурлуулна гээд архи өгдөг юм. Тэгсэн нөгөө бух нь бүр догшроод зураг авалтад орохгүй тэр хавийг сандаагаад яваад өгсөн. Тэгээд зохиол дээр байсан тэр хэсгийн зураг авалт огт болоогүй. Найруулагч тэр хэсгийн оронд “Зуслангийн атаман гэртээ байхад туслах нь ирээд атаман муураа Баяраа руу шидээд “мяа-у мяа-у буу” гэдэг хэсгийг өөрчилж хийсэн байдаг. Тэр хэсэг киноныхоо агуулгыг бас их сайн тодотгож өгсөн хэсэг болсон.
-14 НАСАНДАА АНХ УДАА ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛҮҮЛЖ 4100 ТӨГРӨГИЙН ЦАЛИН АВЧ БАЙЛАА-
-Таны өөрийн чинь унаган зан төрх атаман Чинбаттай төстэй байсан болов уу?
-Мэдэхгүй юм. Эхэндээ нилээн хичээж дахин дахин зураг авалтад ордог байсан. Сүүлдээ гайгүй дүрдээ ороод зарим хэсэг дээр өөрийнхөө санааг нэмээд жүжиглэдэг болсон. Өлзийтэй зодолдох болсон чинь “Нааш цаашаа яваад бодож байгаа маягтай алхаж байгаад огцом эргэлт хийсэн” . Тэр хэсгийг өөрөө бодоод хийсэн. Тэгсэн чинь “Өө наадах чинь болж байна. Чи одоо л дүрдээ орж байна. Дүрээ ойлгож байна” гэсэн. Тийм урмын үг сонсоход сайхан байсан. Х.Дамдин багш бас нилээн загнадаг байсан. Б.Дамчаа багш их аргадана. Их зааж өгнө. Эвийг нь олно. Тийм байсан.
-Тухайн үед монгол кинонд тоглосон хүүхдүүдэд өндөр цалин өгдөг байсан гэсэн?
Би эхний ажлын хөлсөндөө 1700 төгрөг авч байлаа. Тэгж анх хөдөлмөрийн гараагаа 14 настайдаа эхэлсэн хүн дээ. Сүүлд намайг есдүгээр ангид байхад шуудангаар нэмээд 2400 төгрөг илгээсэн байсан. Тэр үед дунд сургуулийн хүүхэд 4100 төгрөгийн цалин авна гэдэг их мөнгө байлаа. Ээж минь мөн ч их баярласан даа.
-АТАМАНЫ ДҮРД ТОГЛОСОН МИНЬ НАДАД ХҮНИЙ ЭВИЙГ ОЛЖ ХАРЬЦАХ АРГАД СУРГАСАН-
-Кинонд тоглосны дараа олны танил хүн болох мэдрэмж ямар байсан бэ?
-Ер нь энэ кинонд тоглосны дараа надад их олон хүүхдээс захидал ирсэн. Голдуу охидуудаас захиа ирдэг байсан. Тэр олон хүнд хариу бичнэ гэж юу байх вэ дээ. Чемодан дүүрэн захиаг манай эгч хадгалдаг байсан. Сүүлд алга болсон. Бас тав зургадугаар ангийн олон дагуултай болсон. Энд тэнд дандаа л “Атаман аа, атаман аа” гээд дагаж явна. Үеийн хүүхдүүд их өднө. Өөдөөс нь юм хэлэхээр “Дүрдээ итгэчихсэн” гээд шоолно. Аяыг нь дагахаар дээрэлхээд байна. Энэ кинонд тоглосон явдал надад хүмүүжлийн нөлөө их өгсөн. Хүнтэй эвийг нь олж харьцдаг аргад намайг сургасан. Киноны дүрээр бодоод л “Атамантай зодолдоё” гэх хүүхдүүд ч гарна. Тухайн үеийн нийгэм нь өөр байлаа шүү дээ. Хариу өгөхгүй дуугүй байгаад байвал “Атаманыг айлгасан” гээд онгирох маягтай. Би доожоогүй амьтан болчих гээд байдаг. “Энэ чинь кино юм шүү дээ” гээд их тайлбарлана. Тэгээд би их олон найзтай болсон доо.
-Энэ кинонд тоглосноос хойш танд дахиж кинонд тоглох санал ирсэн үү?
Энэ кинонд тоглосны дараа надад ахиад кинонд тоглох санал ирээгүй. Тухайн үед киноны зураг авалт болж байх үед манайх хөдөө нүүчихсэн. Дорнодод аравдугаар ангиа төгсөөд аав шигээ цэргийн хүн болно гээд ЗХУ руу сургууль аваад явсан. Аав минь намайг бага байхад бурхан болсон. Би өөрөө хоёр дахь үеийн цэргийн хурандаа цолтой хүн. Манай аав цэргийн хурандаа байсан. Дорнодын болон Төв аймгийн цэргийн хэлтсийн дарга байсан. Би багаасаа цэргийн ахуй орчинд өссөн болохоор аав шигээ цэргийн хүн болсон.