Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Туркийн парламентын хороо баталжээ

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Туркийн парламентын хороо баталжээ

Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг Туркийн парламентын Гадаад бодлогын хороо мягмар гарагт баталжээ. Ингэснээр Турк зөвшөөрөх эсэх нь ерөнхий ассамблейн санал хураалтаар шийдэгдэх л үлдлээ. Үндсэн санал хураалтын өмнө Гадаад хэргийн дэд сайд Бурак Акчапар тус хороонд Шведийн НАТО-д элсэх үйл явцын талаар мэдээлэл өгсөн бөгөөд хууль тогтоогчид уг саналыг дүгнэж цэгнэжээ.

Энэ оны 10 дугаар сард Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурж, парламентад өргөн барьсан юм. “Туркийн Гадаад бодлогын хороо протоколыг баталсанд бид баяртай байна. Дараагийн алхам бол парламентад энэ асуудлаар санал хураана. НАТО-гийн гишүүн болохыг бид тэсэн ядан хүлээж байна” гэж Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстром дээрх мэдээг сайшаан мэдэгджээ.

2022 оны хоёрдугаар сард Орос Украины эсрэг дайн эхлүүлсний дараа Оростой ойр оршиж, хиллэдэг Скандинавын орнууд болох Финланд, Швед НАТО-д элсэх хүсэлт гаргасан юм. Туркийн тал Финланд улсыг тус эвсэлд гишүүнээр элсүүлэхийг энэ оны гуравдугаар сард зөвшөөрсөн боловч Швед улсыг аюулгүй байдлын салбарт Анкараг түгшээж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны зургаадугаар сард байгуулсан гурван талын санамж бичгийг дагаж мөрдөхийг нь хүлээж байна гэж мэдэгдсээр иржээ. НАТО-д аливаа улсыг шинэ гишүүнээр элсүүлэхийн тулд бүх гишүүн, түүний дотор тус эвслийн гишүүн болоод 70 гаруй жилийн нүүрийг үзэж буй, хоёр дахь том армитай Турк улс батлах ёстой. Унгар улс мөн Шведийн гишүүнчлэлийг хараахан зөвшөөрөөгүй байгаа бөгөөд Туркээс гадна ийм шийдвэрийг гаргаагүй байгаа НАТО-гийн цорын ганц гишүүн болж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ