Л.Жаргал: Улаанбаатарт Хондон ангир, Алаг шунгаач зэрэг дөрвөн зүйлийн усны шувуу өвөлжиж байна /ВИДЕО/

Л.Жаргал: Улаанбаатарт Хондон ангир, Алаг шунгаач зэрэг дөрвөн зүйлийн усны шувуу өвөлжиж байна /ВИДЕО/

Өвөл нийслэлчүүдийн хувьд утаа, халтиргаа гэх асуудлыг дагуулж бухимдал, стресстэй өдрүүд үргэлжилдэг улирал болоод удаж буй. Тэгвэл сүүлийн жилүүдэд эл улиралд иргэдэд бага ч болов эерэг уур амьсгалыг түгээх болсон нэгэн үйл явдал нь Улаанбаатар хот орчимд усны шувууд өвөлжиж байгаа талаарх мэдээлэл юм.

Тухайлбал Олон нийтийн сүлжээнд “Дунд гол, Сонгино орчимд ангир, нугас зэрэг усны шувууд өвөлжиж байна" гэх зураг бичлэг тавигдаж, амьтан сонирхогчдын анхаарлыг татаж байгаа билээ. Иймд бид байгаль орчны эерэг мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор энэ удаагийн “Амьтадын тухай” булангаараа хот орчимд өвөлжиж буй шувуудын талаарх мэдээллийг хүргэж байна.

ВИДЕО: 

Монголын Шувуу Ажиглагчдын Клуб, Монголын шувуу хамгаалах төв, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид болон шувуу сонирхогч, гэрэл зурагчид хамтран Улаанбаатар хот орчимд өвөлжиж буй шувуудын тооллого судалгааг хийжээ. Ингэхдээ Ногоон нуур буюу Улаанбаатар хотын баруун хэсэг, Сонгино хайрхан дүүргийн нутагт, ус цэвэршүүлэх байгууламжийн цэвэршүүлсэн хаягдал уснаас бүрэлдэн бий болсон цөөрөм орчмын шувуудыг 2008-2015 онд судалж, нийт 187 зүйл шувуу бүтгэсэн байна. Мөн үүнд үржлийн ба Дэлхийн байгаль хамгаалах холбооны олон улсын болоод бүс нутгийн шалгуураар “ховор” ангилалд бүртгэгдсэн 42 зүйл шувуу байжээ. Мөн эл судалгаанд дурдсанаар, Ногоон нуур нь дамжин өнгөрдөг болон зусдаг шувуудын хувьд таатай амьдрах орчин болсныг тэмдэглэсэн байна.

Шувуудын гэрэл зурагчин Л.Жаргал

Харин энэ онд Улаанбаатар хот орчимд өвөлжиж буй усны шувуудын талаар “Шувуудын гэрэл зурагчин” Л.Жаргал “Сүүлийн жилүүдэд байгаль орчин, амьтан сонирхдог хүмүүс их болж байна.  Түүнийгээ дагаад олон нийт “энд ийм шувуу байна, тэнд тийм шувуу байна” гэж сонирхох нь ихэссэн. Үүний нэг нь өвлийн улирал эхэлснээс хойш иргэдийн ярьж буй Дунд голд өвөлжиж байгаа гэх усны шувууд юм. Миний хувьд судлаач биш хэдий ч сонирхлоороо 10 гаруй жил амьтадын зураг дарж, энэ талаарх ном, шинжлэх ухааны өгүүллүүдийг уншиж судалдаг. Тиймээс шувуудыг ажигласан байдлаасаа сонирхуулан хуваалцъя.

Сонгинын буланд өвөлжиж буй усны шувууд

Сонгинын буланд буюу хуучнаар Дээд нисэх орчимд цэвэрлэх байгууламжийн дулаан урсгал туул голтой нийлэх хэсэгт ус нь хөлдөөгүй жаахан ил газар бий. Тэнд сүүлийн жилүүдэд Алаг шунгаач, Зэрлэг нугас, Хондон ангир, Хумхин бохио зэрэг дөрөв, таван зүйл нугас өвөлждөг болсон. Зураг дарж, ажиглалт хийж байх үед анзаарснаар нугаснууд усны доор байгаа органик ургамлын ялзмаг идэж өвөлждөг. Хумхин бохио уг нь загас, жараахай иддэг махчин шувуу. Гэхдээ өвөлдөө шавж гэхчлэн элдэв янзын үлдэгдэл олж иддэг юм шиг байсан. Эдгээрээс Зэрлэг нугас нь хамгийн түгээмэл байдаг зүйл шувуу. Мөн Хондон ангир манай улсад хамгийн олон тоогоор өвөлждөг шувуу. Энэ зүйл шувуу ОХУ-д 1946 оноос хойш өвөлжиж эхэлсэн юм байна лээ. Хондон ангир хамгийн их тоо толгойн өсөж байгаа зүйл. Энэ шувууг сонгинын булан орчимд очиж харах боломжтой.

Хондон ангир (tadorna ferruginea)

Түүнчлэн Энхэт бялзуухай гэж бас хот орчимд өвөлждөг шувуу бий. Энэ зүйл шувуу жимсээр хооллодог. Их хооллохоороо цангадаг тул мөн сонгино орчмын цэвэрлэх байгууламжийн дулаан урсгалаас ус  уудаг. Сонгинод дээр үеэс таримал байж магадгүй монос, үрэл гээд хэд хэдэн жимсний бут байдаг байсан. Одоо тэдгээр бут багссан ч жимс иддэг усны шувууд өвөлдөө тэр бутны жимсээр хооллодог. Бас нэг сонирхолтой зүйл нь би өвлийн хүйтэнд усны шувууд яагаад хөлдөөд үхчихгүй өвөлжөөд байгааг гайхдаг байсан юм.  Тэгээд зураг дарж, ажиглаад явж байхад нэг зүйл анзаарагдсан. Шувууд өдтэй учир биеийн дулаанаа сайн хадгалдаг. Гэхдээ шувуу хошуу болон хөлөөрөө дулаан алддаг болохоор унтахдаа хошуугаа дал болон далавчин дундаа хийгээд унтдаг юм байна лээ. Бас өвөлжиж байгаа шувууд дулаанаа алдахгүйн тулд биеэ тосолсон байдаг.  Тухайлбал хот орчимд өвөлждөг Харзлай гэдэг шувуу харзны хар усанд өвөлжиж, усны урсгалд байдаг жараахай, шанаган хорхой зэргээр хооллодог. Гэхдээ хүмүүс энэ зүйл шувууны өвөлжиж байгаа жаахан харзанд нь усанд ороод үймүүлээд байдаг юм байна лээ.

Нүүдлийн шувуудын 25-30 хувь нь замдаа үрэгддэг. Тиймээс идэх хоол нь байгаа болохоор зарим усны шувууд монголд өвөлждөг болов уу гэж таамагласан. Бас дээрх зүйл шувууд элбэг тархсан байдаг болохоор орон зайн улмаас хот орчимд өвөлждөг байж магадгүй” гэсэн юм.