Украины тал нисгэгчгүй онгоцоор Оросын Волгоград мужийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү довтолжээ

Украины тал нисгэгчгүй онгоцоор Оросын Волгоград мужийн газрын тос боловсруулах үйлдвэр рүү довтолжээ

Өнөөдөр /2024.02.03/ ОХУ-ын Волгоградын газрын тос боловсруулах үйлдвэр рүү Украины тал нисгэгчгүй онгоцоор довтолсны улмаас их хэмжээний гал гарч, дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч шөнө /2024.02.02-03/ Волгоград муж руу Украины тал нисгэгчгүй онгоцоор хийсэн дайралтыг няцаасан боловч нисгэгчгүй онгоц газрын тос боловсруулах үйлдвэрт унасны улмаас гал гарсан гэж тус мужийн захирагч Андрей Бочаров мэдэгдсэн байна. Мөн тэрээр галыг амжилттай унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтээгүй байна гэж нэмж хэлжээ. 

Волгоградын газрын тос боловсруулах үйлдвэр нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд 1993 оноос хойш "Лук ойл" компанийн нэг хэсэг болсон аж. Тус үйлдвэр нь Оросын өмнөд хэсгийг бүтээгдэхүүнээр хангадаг ба үйлдвэрийн хүчин чадал нэг жилд 14.8 сая тонн гэж мэдээлжээ. Сонирхуулахад, сүүлийн үед Украины тал Оросын газрын тос боловсруулах үйлдвэр рүү нисгэгчгүй онгоцоор довтлох болсон. Харин энэ тус улсын экспортод хэрхэн нөлөөлж байгаа нь тодорхойгүй байгаа юм. 

Эх сурвалж: BBC