АНУ-аас Украин, Израил, Тайвань зэрэг дайнтай улсуудад 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

АНУ-аас Украин, Израил, Тайвань зэрэг дайнтай улсуудад 95 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

АНУ-ын Сенатын танхим гадаад улсуудад үзүүлэх 95 тэрбум ам.долларын тусламжийн багцыг мягмар гарагт баталсан талаар "Reuters" мэдээлжээ.

Энэхүү тусламжийн багцад Украин, Израил, Тайваньд үзүүлэх тусламж багтсан аж. АНУ-ын Сенат дахь олонхын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ, "Сенат зөвхөн үндэсний аюулгүй байдал, холбоотнуудын аюулгүй байдал төдийгүй барууны ардчиллын аюулгүй байдалд асар их үр нөлөө үзүүлсэн хуулийн төслийг баталснаас хойш олон жил, хэдэн арван жил өнгөрч байна. Энэ удаагийн багцын хүрээнд Израилд 14 тэрбум доллар, Газын зурвас зэрэг мөргөлдөөнтэй бүс нутагт 9 тэрбум гаруй доллар хуваарилна. Мөн Тайвань болон Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь АНУ-ын бусад түнш улсуудад дэмжлэг үзүүлнэ. Гэхдээ нийт тусламжийн дийлэнх буюу 60 орчим тэрбум нь Украинд зориулагдана" гэжээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд тусламж үзүүлэх хуулийн төслийг нэн даруй хэлэлцэн батлахыг Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсонд уриалсан байна.