Далайд эзэнгүй хөвж явсан 3.5 тонн кокайныг илрүүлэн, устгажээ

Далайд эзэнгүй хөвж явсан 3.5 тонн кокайныг илрүүлэн, устгажээ

Энэ сарын 8-нд Номхон далайн алслагдсан хэсэгт 3.5 тонн гаруй эзэнгүй кокайн хөвж явсныг илрүүлсэн талаар Шинэ Зеландын цагдаа нар мэдэгдсэн.

Шинэ Зеландын Цагдаагийн комиссар Эндрю Костер мэдэгдэхдээ “Нийт 81 боодол бүхий эзэнгүй кокайныг дамжин өнгөрөх цэгээс тэнгисийн цэргийн хөлөг онгоц илрүүлсэн. Энэ кокайны зах зээлийн үнэ нь 500 сая орчим доллар бөгөөд манай улсын хувьд 30 жилийн хугацаанд хэрэглэх хэмжээнээс  их гэсэн үг. Бид мөрдлөг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа ч одоогоор эзэн нь тодорхойгүй байна. Гэхдээ тус кокайнуудыг Австралиас дамжин ирсэн байх магадлалтай гэж үзэж байна. Энэ нь Австралийн зах зээлд нэг жилийн хугацаанд хэрэглэгдэх  хангалттай хэмжээний кокайн юм” гэжээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард цагдаа, гааль, цэргийнхэн сэжигтэй хөлөг онгоцны хөдөлгөөнийг илрүүлэх, хянах зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран тусгай ажиллагаа явуулсны үр дүнд дээрх их хэмжээний кокайныг илрүүлэн, хар тамхины материалыг баримтжуулж, устгасан байна. Одоогийн байдлаар тус хэргийг бусад олон улсын агентлагуудтай үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Энэ талаар холбогдох албаныхан “бид энэ хэргийг үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдийн зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тэд хар тамхийг зах зээл дээр гаргахаар янз бүрээр туршиж байгаагийн нэг илрэл нь энэ юм. Тиймээс бид нарийн төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах шаардлагтай байна” гэж мэдээлээд байна.