“Буурын бохь” хорт хавдар эдгээдгийг зарим хэвлэлүүд “Тэмээний бөх” гэж андуурчээ

“Буурын бохь” хорт хавдар эдгээдгийг зарим хэвлэлүүд “Тэмээний бөх” гэж андуурчээ

Хэдхэн хоногийн өмнө “Монгол, Хятадын эрдэмтэд "тэмээний бөх"-өөс хорт хавдрыг эмчлэх эм гарган авсан” байна гэх мэдээллийг манай зарим хэвлэлд нийтэлж, энэ нь иргэдийн анхаарлыг татаад байна. Гэтэл “Тэмээний бөх”-өөс биш, “Буурын бохь”-ноос хорт хавдар эмчлэх эм гарган авсан гэх мэдээллийг манай зарим хэвлэлүүд ийнхүү ташаа мэдээлсэн байна. 

Учир нь бид энэ тухай  ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ш.Дэмбэрэлээс тодруулахад,

Тэрээр “Тэмээний бөхнөөс биш, буурын бохиноос шүү дээ. Буурын бохь гэдэг нь буур ороо орсон үед дагзны булчирхайгаас ялгарах өвөрмөц үнэр бүхий хар хүрэн өнгийн шүүрлийг хэлдэг.

Буурын бохь нь буурын орооны ид үед ялгаран гардаг бөгөөд тухайн үедээ шингэн байдаг ч богино хугацаанд өтгөрөн хатдаг. Үүнээс Өвөр Монголын эрдэмтэд эм гарган авсан.

Одоо нутаг буцсан байгаа. Харин бид ингэний сүү сүүн бүтээгдэхүүнд илүү анхааран ажиллаж байгаа. Үүнийг зарим хэвлэлүүд тэмээний бөх гэж мэдээлсэн нь олон түмэнд ташаа мэдээлэл хүргэсэн харамсалтай үйлдэл болоод байна” гэсэн юм.

Сонирхуулахад, Монголчууд орсон буурын бохь /тэмээний эцэг мал/-ийг эртнээс элдэв өвчнийг илааршуулахад хэрэглэж иржээ. Тухайлбал эмэгтэйчүүдийн зарим өвчин, цөсний чулуу хайлуулах, хавдрын эсрэг үйлчилгээтэй хэмээн үзэж эмчилгээнд хэрэглэдэг байж.