Н.Эрдэнэцогт: Би бөхчүүдийн допингийн асуудлаар худал яриагүй

Н.Эрдэнэцогт: Би бөхчүүдийн допингийн асуудлаар худал яриагүй

Стар телевизийн “Urban talk” хэмээх нэвтрүүлгийн үеэр Н.Эрдэнэцогт буюу Ээгий гэх залуу “Монголд допинг зардаг хэдхэн хүн байдаг. Хэн, юу авдаг талаарх мэдээлэл бүгд бий. Аварга цолтой бөх миний таньдаг залуугаас зургаан сая төгрөгийн тариа аваад “Ах нь наадахыг чинь нутгийнхаа бөхчүүдэд зараад өгье” гэж мурьчихсан. Тэр тариаг бөхчүүдэд үнэ нэмж зардаг” гэх ноцтой зүйлийг ярьсан.

Монголын Үндэсний бөхийн холбооноос дээрх яриаг ярьсан Ээгий гэх залууг АТГ-шалгуулахаар өнгөрсөн пүрэв гаригт хүсэлт гаргасан.

МҮБХ болон бөхчүүдийн хувьд “Хэрэв Ээгий гэх залуу үнэн хэлсэн бол АТГ-т шалгагдаж байгаа  допингийн хэрэгтэй холбоотой байж магадгүй. Харин зориуд худал мэдээлэл олон нийтэд тараасан гэдэг нь нотлогдвол бөхчүүдийн нэр хүндэд халдсан гэж холбогдох этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандана” гэж байгаа юм.

Харин бид энэ талаар Н.Эрдэнэцогттой холбогдон асуухад “АТГ, бөхчүүдийн асуудлаар намайг шалгана гэж байгааг сайн ойлгохгүй байна. Би худлаа яриагүй.  Миний тариа худалдаж авсан хүнд энэ бүхнийг нотлох чат, мессеж нь ч байгаа. Одоохондоо надтай АТГ-аас холбоо бариагүй байна” гэсэн юм.

Харин бөхчүүдийн хувьд Ээгий гэх залуугийн яриаг 2010-2019 оны Улсын баяр наадамд барилдаж, допингийн шинжилгээнд хамрагдсан бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасныг Биеийн тамир спортын газрын нэр бүхий хоёр эмч Үндэсний бөхийн салбар хороонд ажиллах явцдаа нуун дарагдуулсан гэх хэргийг АТГ шалгаж байгаатай холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа аж.