Б.Бурмаа: Англи хэлний багш мэргэжилтэй ч сагсан бөмбөгийн спортод дурлан хичээллэж, “3х3-ын олон улсын шүүгч” болж чадсан /ВИДЕО/

Б.Бурмаа: Англи хэлний багш мэргэжилтэй ч сагсан бөмбөгийн спортод дурлан хичээллэж, “3х3-ын олон улсын шүүгч” болж чадсан /ВИДЕО/

БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол Улсын шүүгч Б.Бурмаа дэнсэлж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний хувьд 3х3 сагсан бөмбөгийн олон улсын шүүгч бөгөөд залуухан, эмэгтэй, монгол шүүгч гэдгээрээ олонд танигдаад байгаа юм. Иймд бид энэ удаагийн Social ID буландаа түүнийг урьж, ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Бүрнээбаатарын Бурмаа гэдэг. Сагсан бөмбөгийн шүүгчээр ажилладаг. Олон улсын лицензээ аваад хоёр жил болж байгаа.

-Сагсан бөмбөгийн спортыг хэзээнээс сонирхох болов. Тэр дундаа шүүгчийн ажлыг яагаад сонгосон бэ?

-Сагсан бөмбөгийг 10 жилд байхдаа сонирхож, дурласан. Эхэндээ сагсан бөмбөг тоглодог байсан. Оюутан болоод бас сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт тоглосон. Гэвч би өөрөө намхан бас жижигхэн биетэй учир яг сайн тоглогч болж чадахгүй гэж бодоод сагсан бөмбөгийн шүүгч болохоор шийдсэн. Сагсан бөмбөгийн спортыг орхиж чадахгүй байсан болохоор ямар нэгэн сагсан бөмбөгтэй холбоотой зүйл хийе гэж бодоод шүүгч болсон.

-Олон улсын ямар ямар тэмцээнийг дэнсэлсэн бэ?

-Түрүү жил 3х3 Азийн наадмыг шүүсэн. Бас саяхан болсон Азийн оюутнуудын аварга шалгаруулах 3х3 тэмцээнийг мөн шүүсэн байгаа.

-Сагсан бөмбөгийн сонирхоод тоглодог байсан гэсэн шүү дээ. Тэгэхээр оюутан байхдаа ямар мэргэжлээр суралцаж байв. Тухайн мэргэжлээрээ ажилладаг уу?

-Миний үндсэн мэргэжил багш. Би МУИС-ийг Англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Гэсэн ч мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй. Оюутан байхдаа сагс тоглодог байсан гэж хэлсэн дээ. Түүнийгээ үргэлжлүүлээд төгсөхөөсөө өмнө шүүгч хийж эхэлсэн байсан. Тиймээс надад багшаараа ажиллах чөлөө гараагүй. Өөрөө ч миний хийх дуртай зүйл шүүгч юм байна. Миний ирээдүйн карьер энэ л байх юм байна. Шүүгчээрээ ажиллавал би илүү аз жаргалтай гоё байх юм байна гэдгээ суралцаж байх явцдаа мэдчихсэн болохоор сонголтоо хийхдээ эргэлзээгүй. Одоо сагсан бөмбөгийн олон улсын шүүгчээ хийж байгаа. Давхар Монголын Сагсан бөмбөгийн холбоонд захиргааны ажилтан гэдэг статустай ажиллаж байгаа.

-Олон улсын шүүгч болохын тулд ямар шалгалт, шалгуурыг давах шаардлагатай байдаг вэ?

-Шүүгч болоход олон улсын түвшинд гурван шалгалт авдаг. Нэг нь дүрмийн шалгалт , хоёр дахь нь англи хэлний шалгалт, гурав дахь нь яг практик дээр гарч шүүх шалгалт авдаг. Энэ гурван шалгалтад тэнцээд олон улсад шүүх эрх авдаг.

-Монгол шүүгчид энэ шалгуурт нь тэнцэх тохиолдол их байдаг уу. Тэнцдэггүй бол яагаад?

-Тэнцсэн хүмүүс мэдээж байлгүй яах вэ. Ер нь бол манай монголын шүүгч нар ч гэсэн маш чадвартай санагддаг. Тэр хүмүүст дутагдаж байгаа ганц зүйл нь англи хэлний асуудал. Хэрэв бид бүгдээрээ аглиар чөлөөтэй ярьдаг байвал олон улсын шүүгч болоход асуудалгүй гэж боддог.

-Сагсан бөмбөгийн шүүгчээр олон улсын тавцанд ажиллахад хэцүү зүйл байдаг уу?

-Ер нь шүүгч байх хэцүү. Миний хувьд анх шүүгчээр ажиллаж эхлэхэд шинэ хүн болохоор загнуулна, хүмүүс муухай харна гээд олон асуудалтай тулгарна. Түүний дээр шинэ шүүгч учир зарим нэг зүйлийг анзааралгүй өнгөрөөд загнуулж уйлж байсан тохиолдол ч байдаг. Бүгдийг 100 хувь нарийн харна гэдэг нь бараг боломжгүй. Гэхдээ манай ажлын хувьд энэ нь маш чухал. Нарийн сайн хараагүй үлдсэнээс үүдэж ямар нэг багт нь давуу тал олгох, ямар нэг баг нь бидний анзаараагүй алдаанаас үүдэж хожигдолд хүрэх  гэхчлэн анзаараагүй өнгөрөөсөн үйлдлээс гарах үр дагавар нь маш өндөр учир хариуцлагатай байж сайн шүүгч хийж чадахгүй бол хэцүү ажил гэсэн үг.

-Угтаа бол өөр мэргэжил эзэмшсэн гэсэн шүү дээ. Тэгэхээр шүүгч болохыг нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байв. Ер нь дэмждэг үү?

-Анх манай аав, ээж миний энэ мэргэжлийг дэмждэггүй байсан. Чи хичээлээ сайн хийх ёстой. Сайн мэргэжилтэй, сайн ажилтай байх ёстой гэдэг байсан. Гэсэн ч би зөрүүдлээд оюутан байхдаа сагсаа тоглоод, бэлтгэлээ хийгээд, хичээлдээ яваад тэмцээн уралдаанд оролцож гэртээ бараг үзэгддэггүй байсан. Тэгээд гэр бүлийнхэн сагсаа боль гэж нэлээд их шаардаж байсан. Харин сүүлийн үед маш сайн дэмждэг болсон.

-Саяхан таны олон улсын тэмцээн дэнсэлж буй зураг сошиалд тавигдаж, маш олон хүн бахархсан сэтгэгдэл үлдээсэн байсан. Харсан уу?

-Тиймээ. Би харсан надад маш сайхан санагдсан. Түүнээс улсаа төлөөлж олон улсын тавцанд ажиллахаар дүү нар ийм боломж байдаг юм байна шүү. Монгол хүн бас ажиллаж болдог юм байна гэсэн итгэл авдаг юм шиг санагдсан. Тэгээд маш олон хүн “яаж шүүгч болох вэ. Ямар шалгууртай байдаг вэ. Би шүүгч болмоор байна. Та туслаач” гэж ханддаг болоод байгаа.

-Тантай холбогдсон болон яг одоо нэвтрүүлгийг нь үзэж буй сагсан бөмбөгийн спорт сонирхогч, шүүгч болох хүсэлтэй хүмүүст хандаж зөвлөвөл?

-Гол нь тархиндаа буулгаад бодож, төсөөлж чадвал аливаа зүйлд хүрч болдог юм байна гэдгийг би маш сайн ойлгосон. Тиймээс тамирчин, шүүгч болох гэж байгаа. Эсвэл одоо тоглож, шүүж байгаа хүмүүст хэлэхэд зүгээр л мөрөөдөж түүнийхээ төлөө ямар нэг хичээл зүтгэл гаргаж чадвар хүрч чаддаг шүү гэж хэлмээр байна.

-3x3 сагсан бөмбөгийн спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа санагддаг. Та монголын 3х3-ыг хөгжлийг юу гэж хардаг вэ?

-Сагсан бөмбөгийн спорт өнөөдрийн энэ түвшинд ирэхийн тулд ахмад сагсан бөмбөгчид, сагсан бөмбөгийн зүтгэлтнүүд гээд олон арван жилийн түүхийг туулж, шат дараалалтай хөгжүүлснээрээ бид энэ зэрэгт ирээд байгаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улсыг сагсан бөмбөгөөр  дамжуулан олон улс хардаг болсон учир энэ спорт хурдацтай хөгжиж байна гэж харж байгаа.