Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг ажлаас чөлөөлөхийг шаардлаа

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг ажлаас чөлөөлөхийг шаардлаа

Өнөөдөр “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдэл болон БНСУ дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо тэргүүтэй хэд хэдэн холбоо хамтран Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаярын асуудлаар төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүллээ. Тэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг цэцийн даргын албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлт өгсөн ч цэцийн гишүүн хэвээр байгаа нь шударга бус явдал гэж үзэж байгаа юм.

“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлийн тэргүүн Л.Отгонцэцэг хэлэхдээ “Иргэн Д.Одбаяр төрийн дээд албан тушаалтан хэдий ч Монгол улсын нэр хүндийг унагааж, сөрөг байдлаар олон улсад сурталчилсан. Үүнээс болж БНСУ болон бусад улс оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, Монгол улсын иргэн гэж хэлэхээс ичих, доромжлолын бай болох гэх мэтээр сэтгэл зүйн таагүй байдалд орсон. Бид энэ асуудалтай холбоотой Үндсэн хуулийн цэцэд Д.Одбаярыг хариуцлага хүлээн уучлалт гуйхыг шаардсан ч ганц өгүүлбэрээр уучлалт гуйн сонинд хэвлүүлсэн байсан. Иймээс түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс татаж ард түмэндээ үйлдлээрээ шударга ёсыг харуулна уу хэмээх төрийн гурван өндөрлөгт хүсэлт гаргаж байна" гэсэн юм.

Тэд энэ асуудлаар БНСУ болон олон улсын сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд албан бичгийн хариугаас хамааран дараагийн ажлаа зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.