ТОДРУУЛГА: Ахмадууд “Цагаан сарын баяр”-ыг цомхон тэмдэглэхийг эрмэлзэж байна

ТОДРУУЛГА: Ахмадууд “Цагаан сарын баяр”-ыг цомхон тэмдэглэхийг эрмэлзэж байна

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдан коронавирусын тархалтаас сэргийлж цагаан сарын баярт хязгаарлалт тавьсан билээ. Цагаан сарын баярыг хамгийн их хүсч хүлээдэг хүмүүс бол өндөр настнууд. Тэгвэл бид Засгийн Газрын энэхүү шийдвэрийг ахмад настнууд хэрхэн хүлээн авч, ямар байр суурьтай байгааг сурвалжиллаа.

Өндөр настан Б.Алтангэрэл: Цагаан сараар нялх балчир хүүхдүүдийг дагуулж явахгүй байх хэрэгтэй

Өндөр настан Б.Алтангэрэл: Цагаан сараар нялх балчир хүүхдүүдийг дагуулж явахгүй байх хэрэгтэй

Ахмадууд бид үр хүүхдүүдтэйгээ л золгохыг дэмжиж байгаа. Гэрээсээ аль болох гарахгүй, ялангуяа нялх балчир хүүхдүүдийг дагуулж явахгүй байх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа даа.

Өндөр настан Д.Батаа: Халдварт өвчнөөс сэргийлж ганц удаа цомхон тэмдэглэлээ гээд биднээс юу ч унахгүй

Өндөр настан Д.Батаа: Халдварт өвчнөөс сэргийлж ганц удаа цомхон тэмдэглэлээ гээд биднээс юу ч унахгүй

Хязгаарлалт тавьсан нь мэдээж зөв. Бид ах дүү, төрөл төрөгсөд гэр бүлийнхээ хэмжээнд цомхон тэмдэглэнэ гэж бодож байгаа. Халдварт өвчнөөс сэргийлж ганц удаа цомхон тэмдэглэлээ гээд биднээс юу ч унахгүй.

Өндөр настан С.Адъяабазар: Эрүүл мэнд ямар ч баяраас эрхэм чухал зүйл

1206 оноос Их эзэн Чингис хаан цагаан сарыг Монголын үндэсний баяр гэж тэмдэглэсэн түүхтэй. Цагаан сар бол бэлгэдлийн чанартай Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг ганц баяр. Тиймээс тэмдэглэхгүй байхын аргагүй. Гэхдээ урд хөршид гарсан өвчний улмаас гэр гэртээ цомхон хүрээнд тэмдэглэхийг дэмжиж байгаа. Эрүүл мэнд ямар ч баяраас эрхэм чухал зүйл шүү дээ.

Өндөр настан Н.Мандах: Масктай хүмүүс цөөрч,  иргэдийн сэрэмж суларсаар байна шүү дээ. Тиймээс хязгаарлалт хийсэн нь зөв

Мэдээж ёс заншлаа бодвол нэг өөр, өвчин тахлыг ярьвал бас л өөр шүү дээ.  Яалтчгүй өвчин гарсан болохоор хязгаарлах нь зүйтэй гэж бодож байна. Ойр дотны хүмүүсийн хүрээлэл дотроо, үр хүүхдүүдтэйгээ золголт хийхийг дэмжиж байгаа. Өнөөдөр  масктай хүмүүс цөөхөн харагдаж байна. Маск олдохгүй байна гэсэн ч эмийн сангуудаар зөндөө байна. Хүмүүсийн сэрэмж суларсаар байна шүү дээ. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс цагаан сарын баярт хязгаарлалт хийсэн нь зөв гэсэн байр суурьтай байна даа.

Өндөр настан Ч.Тогоо, Л.Цэвэгдорж: Удирдлага, төр засгийн шийдвэрийг хүндэлнэ

Төрийн бодлого, төрийн шийдвэрийг мэдээж дагана. Өвчин, тахалтай үед хязгаарлалт тогтоох нь зөв. Дэлхий даяар тогтоосон журмыг бид эсэргүүцэхгүй. Бидний насны хүмүүс дээрээ захиргаатай байсаар байгаад сурчихсан. Удирдлага, төр засгийн шийдвэрийг хүндэлнэ. Гэртээ хүүхдүүдтэйгээ цомхон хүрээнд хийнэ гэж бодож байна.

Жавзандамба хутагт төвийн лам Д.Номундалай

Мөн бид энэ талаар Жавзандамба хутагт төвийн лам Д.Номундалайн байр суурийг сонссон юм. Тэрээр “Цагаан сар бол ах дүү, садан төрлийг уулзуулж он мэнд орсныг тэмдэглэдэг өргөн дэлгэр баяр. Гэхдээ халдварт өвчин гарсан тул эрүүл мэндээ хамгаалан төрийнхөө шийдвэрийг дагах нь зүйтэй. Ард түмэн төрийн хуулинд захирагддаг бол шашны дээр ч мөн төр байдаг” гэсэн юм.

Цагаан сарын баярт хязгаарлалт хийснийг эсэргүүцэн, эгдүүцсэн ахмад настан бидэнтэй таарсангүй. Ахмад настнууд төрийн шийдвэрийг дагаж, цагаан сарын баярыг энэ жил цомхон хүрээнд тэмдэглэхийг дэмжиж байна.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө