ОБЕГ: “Оргио” үйлдвэрээс 6150 гаруй дэгдээхэйг аварсан

ОБЕГ: “Оргио” үйлдвэрээс 6150 гаруй дэгдээхэйг аварсан

-ГАЛ ГАРСАН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА-

Өнгөрсөн баасан гарагт буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Налайх дүүрэгт байрлах “Оргио” тахианы үйлдвэрт гал гарч,  их хэмжээний хохирол учирсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Коронавирусээс шалтгаалж урд хөршөөс гахай, тахианы мах импортлохыг хориглосон энэ үед үндэсний томоохон үйлдвэр "Оргио" компанид гал гарч, 12 мянган тахианы дэгдээхий үхсэн нь харамсалтай хэрэг юм.

Энэ тухай бид Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Энэ сарын 7-ны өдөр өглөөний 09:08 цагт Налайх дүүргийн 1-р хороонд байрлах “Оргио” тахианы үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 6.5 км зам туулан 09:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан. Очиход уурын зуухны 4x12 хэмжээтэй шаталт явагдаж байсан. Нийтдээ 12,700 тахианы дэгдээхий шатаж, 6150 дэгдээхийг аварсан. Одоогоор галын дүгнэлтийг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.

-ГАЛ ЦАХИЛГААНЫ ГЭМТЛЭЭС БОЛЖ ГАРСАН УУ-

Харин “Оргио” тахианы үйлдвэрийн зүгээс энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Тэдний хувьд энэ талаар хэвлэлд хаалттай байгаа аж. Ойрын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэхүү гал цахилгааны асуудлаас болж гарсан байж болзошгүй аж.

“Ажигана” группийн Оргио тахианы үйлдвэр нь 50 гаруй нэр төрлийн тахианы махан хиам, зайдас, элэгний нухаш, бууз банш гэх зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Хэд хоногийн өмнө Дархан-Уул аймагт цахилгааны аюулгүй байдлын улмаас бага насны гурван хүүхэд эндсэн хэрэг гарсан. Иймээс айл өрх, албан байгууллага бүр энэ асуудалд хариуцлагатай хандаж, галын аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийг чанд мөрдөж ажиллах нь туйлын чухал болоод байна.