Монголын "Энхийн элч" гэх хөлөг онгоц нэрээ сольж, Хойд солонгосын хөлөг болоод буй хууль бус зөрчлийг илрүүлэн, шалгаж байна гэж мэдээлжээ

Монголын "Энхийн элч" гэх хөлөг онгоц нэрээ сольж, Хойд солонгосын хөлөг болоод буй хууль бус зөрчлийг илрүүлэн, шалгаж байна гэж мэдээлжээ

Монголд бүртгэлтэй байсан тээвэрлэлт хийх зөвшөөрөл нь цуцлагдсан хөлөг онгоц саяхан Хойд Солонгос руу ачаа шилжүүлсэн нь тогтоогдсон талаар "Америкийн дуу хоолой” радио өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр /2024.05.25/ мэдээлжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газар тус онгоцыг Хойд Солонгостой холбогдсон талаар огт мэдээгүй гэдгээ мэдэгдэж, олон улсын дүрэм журмыг зөрчсөн хөлөг онгоцнуудад хатуу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна гэж БНСУ-ын сурвалжлагч Хам Жи Ха мэдээлсэн байна.

Тодруулбал, Монгол Улсын төрийн далбааг мандуулж усан замаар тээвэрлэлт хийдэг “Энх тайвны элч” гэх хөлөг онгоц өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нэрээ “Рёнхён” болгон өөрчилж Хойд солонгос /БНАСАУ/-ын далбааг мандуулах болжээ. Ингэхдээ Олон улсын далайн байгууллагын дүрэм журам, НҮБ-аас гаргасан тогтоолыг ноцтой зөрчсөн байна. Иймд монголд бүртгэлтэй байсан гэх тус онгоцыг Хойд солонгост шилжсэн асуудал олон улсын байгууллага болон БНСУ-ын анхаарлыг татаж, тус улсын хэвлэлүүд эл асуудлаар зарим баримт болон таамаглалыг дэвшүүлээд байна.

-НҮБ-ЫН ТОГТООЛООР ТУС БАЙГУУЛЛАГЫН ГИШҮҮН ОРНУУД ХОЙД СОЛОНГОСТ ХӨЛӨГ ОНГОЦ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОСОН БАЙДАГ Ч МОНГОЛД БҮРТГЭЛТЭЙ БАЙСАН ХӨЛӨГ БНАСАУ-Д ШИЛЖСЭН НЬ БАТЛАГДААД БАЙНА-

Олон улсын хэвлэлүүдийн хараанд эл асуудал ороод буйн учир нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2016 онд баталсан БНАСАУ-ын асуудлаарх 2321 тоот тогтоолоор НҮБ-ын гишүүн орнуудыг Хойд Солонгост хөлөг онгоц худалдах, Хойд Солонгосын хөлөг онгоц худалдаж авахыг хориглосон.

Гэсэн хэдий ч Хойд Солонгос сүүлийн жилүүдэд хуучин хөлөг онгоц худалдаж авах сонирхолтой байгаа. Үүний дагуу Хойд Солонгос өнгөрсөн онд хамгийн багадаа 41 хөлөг онгоц, түүний дотор Рёнхёныг бүртгэсэн гэсэн тооцоо гарчээ.

Мөн олон Улсын Далайн Байгууллагын (IMO) Дэлхийн далайн тээврийн мэдээллийн нэгдсэн систем (GIGIS)-ийн мэдээлснээр, “Монгол Улсаас илгээсэн “Энх тайвны элч” хөлөг тээвэрлэх хаягаа Хойд Солонгос болгож, нэрээ “Рёнхён” хэмээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард өөрчилсөн байна” гэдгийг баталсан.

-“МОНГОЛЫН ДАЛАЙН ЗАХИРГАА ЭНХТАЙВНЫ ЭЛЧ ХӨЛГИЙГ ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ХАРИУ МЭДЭЭЛЭЛГҮЙ АЛГА БОЛСОН ТУЛ БҮРТГЭЛЭЭС ХАССАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

Энэ талаар "Америкийн дуу хоолой" агентлаг тавдугаар сарын 22-ны өдөр /2024.05.22/ Монголын Далайн Захиргааны албаны ажилтнаас тодруулахад, Хойд Солонгосын далбаатай “Рёнхён” хөлөг өнгөрсөн онд Монголоос тээвэрлэлт хийх зөвшөөрөл нь цуцлагдсан. Учир нь тус хөлөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр автомат таних системийн (AIS) дамжуулагчийг идэвхгүй болгож, холбоогоо тасалсан. Энэ нь олон улсын болон дотоодын дүрэм журамд нийцээгүй тул өнгөрсөн оны аравдугаар сард /2023.10.12/ Монголын хөлөг онгоцны бүртгэлээс хассан” гэжээ.

Цуцалсан баримт бичигт:

“Таны асуулгатай холбогдуулан Энхтайвны элч (IMO 9028158) хөлөг онгоцыг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр AIS дамжуулагчийг идэвхгүй болгож, олон улсын болон дотоодын шаардлага хангаагүйн улмаас Монгол Улсын Усан онгоцны бүртгэлээс хассан болохыг мэдэгдээ байна. Манай Захиргааны газраас тоног төхөөрөмжийг идэвхжүүлж, тайлбар бичиг хүргүүлэхыг удаа дараа мэдэгдсэн ч эзэн болон багийнхан бидэнд ямар ч хариу ирүүлээгүй" гэсэн байна.

Бүртгэлээс хассан албан бичиг нь

-ШИНЖЭЭЧИД "ЭНХТАЙВНЫ ЭЛЧ" ХӨЛӨГ ОНГОЦЫГ ХОЙД СОЛОНГОСТ ШИЛЖҮҮЛЭХИЙН ТУЛД БҮРТГЭЛЭЭС ХАСАХ АЖЛЫГ ЯВУУЛСАН ГЭЖ ТААМАГЛАЖЭЭ-

Дээрх асуудлыг олон улсын шинжээчид эхэндээ, БНАСАУ хуучин хөлөг онгоц худалдаж авсан байж магадгүй гэж үзэж байсан ч үнэн хэрэгтээ Хойд Солонгос “бүртгэл нь хүчингүй болсон хөлөг онгоц худалдаж авсан” байна гэдэг нь батлагджээ. Түүнчлэн дээр дурдсан автомат таних системийн AIS-ийг унтраах үйлдэл нь Хойд Солонгосын хөлөг онгоцнуудтай нээлттэй далайд бараа солилцдог эсвэл Хойд Солонгосын боомтуудад шууд нэвтэрдэг хориг арга хэмжээг зөрчсөн хөлөг онгоцнуудад ажиглагддаг практик тул тус улс хориг арга хэмжээг зөрчиж хөлөг онгоц худалдаж авсан эсвэл хэдийнээ хойд солонгост уг хөлөг онгоцыг өгсөн ч нуун дарагдуулж байгаад Монголын эрх баригчид тус онгоцоо бүртгэлээс хасах үедээ БНАСАУ-ын далбаат онгоц болгож өөрчилсөн байж болзошгүй гэж "Америкийн дуу хоолой" агентлаг мэдэгдэв.

Учир нь энэхүү хөлөг онгоцыг Хойд Солонгосын хилийн чанад дахь фронтын компани анх ажиллуулж байсан байх магадлалтай.

Энэ нь “Хойд Солонгос” гэдгээ нуун дарагдуулж байсан хөлөг онгоцны бүртгэлийг Монголын эрх баригчид хүчингүй болгож, Хойд Солонгосын далбаа болгон өөрчилсөн байж болзошгүй нөхцөлийг бататгаад байгаа аж.

Тодруулбал, Монголын Далайн Захиргааны газраас "Америкийн дуу хоолой" радиод өгсөн энх тайвны элчийг бүртгүүлэх баримт бичигт хөлөг онгоцны эзэмшигчийн нэрийг 'Elite Circle International Limited' гэж бичсэн. Харин компанийн хаягийг Номхон далайн өмнөд хэсэгт орших гуравдагч орны компаниудын татварын диваажин гэгддэг Самоа гэж бичжээ.

Хөлөг онгоцны эзэмшигч компанийн мэдээлэл

Иймд 'Elite Circle International Limited' гэх компанийн байршлыг нягтлан үзэж Хойд Солонгосын фронтын компани байх магадлал өндөр гэж VOA news агентлаг шинжээчдийн дүгнэлтээс эш татан мэдээлэв.

-МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА “ХОЙД СОЛОНГОСТ ХӨЛӨГ ОНГОЦ ХУДАЛДСАН, ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ ТААМАГЛАЛД ЯМАР Ч ХОЛБООГҮЙ” ГЭЖЭЭ-

Харин Монголын Далайн Захиргааны албаны хүн "Америкийн дуу хоолой"-д өгсөн ярилцлагадаа,  “Бид уг хөлөг онгоцыг Хойд Солонгост худалдсан, шилжүүлсэн гэх таамаглалд ямар ч холбоогүй, ямар ч мэдээлэлгүй гэдгээ баталж байна. Бид энэ талаар огт мэдээгүй” гэжээ.