Хязгаарлалт тогтоосноос хойш БНХАУ-аас 442 иргэн орж иржээ

Хязгаарлалт тогтоосноос хойш БНХАУ-аас 442 иргэн орж иржээ

Коронавирусийн тархалттай холбоотой БНХАУ-аас олон зуун иргэн манай улсын хилээр нэвтэрсэн гэх яриа тархсан. Засгийн газраас хилийн боомтуудад хийх зохицуулалттай холбоотой шийдвэрүүдийг нэгдүгээр сарын 28-нд гаргасан.

Шийдвэр гарснаас хойш Монгол Хятадын хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийсэн болохоос хаагаагүй гэдгийг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж хэллээ.

Тэрээр “Зорчигч тээврийн зарим хөдөлгөөнийг тодруулбал, Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлшгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. БНХАУ-аас Монгол Улс руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй. Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг, УОК-ын шийдвэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэдийг хилээр нэвтрүүлж байгаа” гэсэн юм.

Мөн “БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэх ташаа мэдээлэл тарж байна. Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Эдгээр иргэдийн дунд дипломат ажилтнууд, хүндэтгэн үзэх шалтгаантай БНХАУ-ын иргэд байгаа" гэдгийг онцлон хэлсэн юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрч орж ирсний 625 нь Монгол Улсын иргэн байгаа юм байна. Дурдсан хугацаанд БНХАУ руу 388 иргэн гарсан бөгөөд дийлэнх нь буюу 342 нь эрдэс баялгийн тээврийн жолооч юм байна.