Замын-Үүд боомтод галт тэргээр зорчиж явсан 105 хүнийг түр тусгаарлаад байна

Замын-Үүд боомтод галт тэргээр зорчиж явсан 105 хүнийг түр тусгаарлаад байна

Өнгөрсөн шөнө /2020.02.11/ Хөх Хотоос Улаанбаатар чиглэлийн галт тэрэгт коронавирусийн халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгджээ. Тус иргэн БНХАУ-ын Сэчуан мужид ажлын шугамаар 14 хоноод ирж байхдаа халуурсан тул Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.

Тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байгааг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас мэдээлжээ. Мөн өнөөдөр өглөө/2020.02.12/ коронавирусээр өвдсөн байж болзошгүй нэг иргэн Замын-Үүдийн эмнэлэгт өөрөө ирж биеийн байдлаа үзүүлсэн байна. Тухайн хүнээс сорьц авч Улаанбаатар руу явуулжээ. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа юм байна.

Мөн коронавирусийн сэжигтэй тохиолдол Хөвсгөл, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн. Хөвсгөл аймагт халдварын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан иргэний биеийн байдал хэвийн байгаа юм байна. Баян-Өлгий аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 12-ны  шөнийн 03:00 цагт захуудыг хаах шийдвэр гаргасан байна.