НМХГ:  Цагаан сараар шашны байгууллагуудад "хориг" тавина

НМХГ: Цагаан сараар шашны байгууллагуудад "хориг" тавина

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.02.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. БНХАУ-д тархсан шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд тус газраас хяналт шалгалтаа эрчимжүүлсэн байна. 

Мөн шашны байгууллагуудад хяналт тавьж, олон хүн цуглуулсан үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ. Гандантэгчинлэн хийдээс сүсэгтэн олонд зориулж ном хурах хүсэлт гаргасан ч хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. 

Мэргэжлийн хяналтын байгууллагынхан шашны байгууллагуудыг нэг дор олон хүн цугларах өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан захирамж гаргаж кинотеатруудыг хааж, 04:00 цаг хүртэл ажилладаг бар, ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллахаар цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан билээ. Нэгдүгээр сарын 28-ны өдрөөс нийслэлийн хэмжээнд дагаж мөрдсөн уг журмыг зөрчсөн зарим аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулж, хариуцлага тооцсон байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Черс бар, СХД-ийн Баяннуур дэлгүүр 00:00 цагаас хойш согтууруулах ундаагаар үйлчилсэн зэрэг зөрчил илэрчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хадгалалтын хугацааг нь анхаарч, хаяг шошго нь тодорхойгүй ил задгай худалдаалж буй бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг зөвлөлөө.