Бохир усыг ил задгай асгаж, суурьшлын бүсийн орчныг бохирдуулсан зөрчилд шийтгэл ногдуулж байна

Бохир усыг ил задгай асгаж, суурьшлын бүсийн орчныг бохирдуулсан зөрчилд шийтгэл ногдуулж байна

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын/НМХГ/ Шуурхай алба бохир усыг ил задгай асган, суурьшлын бүсийн орчныг бохирдуулсан иргэн, аж ахуй нэгжид шийтгэл ногдуулж байна. Тухайлбал өнөөдөр НМХГ-ын шуурхай албаны утсанд дуудлага ирсний дагуу “Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Техникийн захын урд байрлах Цэцгэн бууз цайны газрын үйл ажиллагаанд холбогдох чиглэлийн улсын байцаагч нар хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус цайны газар нь үйлчилгээний явцад гарсан бохир усаа ил задгай асгаж, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаагүй нь тогтоогдон Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт заасан үндэслэлээр иргэнд шийтгэлийн арга хэмжээ оногдуулжээ.

Энэхүү хэсэгт “Эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангуулахаар хуулиар хориглосон зүйлийг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хувь хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Ил задгай асгасан бохир ус хөлдөн хавар хайлснаар олон төрлийн халдварт өвчний эх үүсвэр болдог. Иймээс иргэд та бүхэн бохир усаа зориулалтын цооногт асгах, энэ төрлийн зөрчил гаргаж буй аж ахуй нэгжийн талаар МХЕГ-ын 70128012 дугаарт залган мэдээллэхийг мэргэжилтнүүд санууллаа.