Ц.Сандуйг  үргэлжлүүлэн 30 хоног ХОРИХ шийдвэрийг гаргажээ

Ц.Сандуйг үргэлжлүүлэн 30 хоног ХОРИХ шийдвэрийг гаргажээ

Төрийн албан тушаалыг наймаалцаж, томилгоо хийх замаар 60 тэрбум төгрөг босгох, төрийн эрх мэдлийг хууль бус аргаар авахыг санаархсан гэх хэрэгт буруутган НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, нийслэлийн МАН-ын дарга асан А.Ганбаатар нарт тус бүрд нь дөрвөн жилийн ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан билээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 902 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар “Гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй”, анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Г.Доржзодовын үйлдэл, оролцоонд гэмт хэргийн шинж байгаа эсэх, мөн хамтран ажилласан эсэхийг тус тус шалгах, прокуророос Г.Доржзодовт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан асуудлыг шүүх эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ц.Сандуй, А.Ганбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарын өмгөөлөгчид батлан даалтад гарах хүсэлт гаргасныг өчигдөр /2020.02.11/ Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцээд хүлээж аваагүй байна. Улмаар Ц.Сандуйг үргэлжлүүлэн 30 хоног хорих шийдвэрийг шүүхээс гаргажээ. 

Харин өнөөдөр А.Ганбаатарыг батлан даалтад гаргах эсэх асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж байгаа аж.