Уханиас Монголд ирсэн оюутнуудын талаар ташаа мэдээлэл түгээж буй иргэдэд хариуцлага тооцно

Уханиас Монголд ирсэн оюутнуудын талаар ташаа мэдээлэл түгээж буй иргэдэд хариуцлага тооцно

Сүүлийн үед  шинэ коронавирус буюу Covid-19  халдвартай холбоотойгоор худал ташаа мэдээлэл олноор түгэх болсон. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам болон Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төв, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран шуурхай ажиллаж байгаа бөгөөд худал ташаа мэдээлэл түгээж олон нийтийг айлган сүрдүүлж байгаа иргэдийг олж Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль, шийтгэлийг ногдуулж байгаа. Харин Ухань хотоос ирэн тусгаарлагдаж буй оюутнуудын тухай хэд хэдэн иргэн өөрийн цахим хуудсандаа “ тус оюутнуудын нэг нь нас барсан. Үүнийг ар гэрийхэн нь нууцалж байгаа. Мөн тусгаарлаж байх хугацаандаа эмнэлгээс гарна гэж зүтгэсэн” гэх мэтээр худал ташаа мэдээлэл түгээж олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн хэрэг гарчээ. Энэ талаар Ухань хотоос ирсэн 31 оюутны төлөөлөл А.Золбоо цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгчээ.

Тэрээр хэлэхдээ “Бид ХӨСҮТ-д эмч нарынхаа хяналтан дор тусгаарлагдсан хэвээр байна.Бидний нэр төрд зориудаар халдан, үндэслэлгүй гүтгэн доромжилсон энэ иргэний талаар маргааш өглөө өмгөөлөгчөөрөө дамжуулан албан ёсоор Цагдаагийн байгуулагад гомдол гарган шалгуулах болно.

Бидний биеийн байдал хэвийн бөгөөд энэ бүх тусгаарлалтын хугацаанд бидний төлөө сэтгэл гарган ажилласан сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч нартаа хэрхэн баярласан талархсанаа илэрхийлэх тухай өөр хоорондоо ярилцаж байгаагаас өөр гомдол саналтай хүн алга. Тиймээс та бүхэн энэ мэт хуурамч мэдээлэл түгээж олон нийтээс хандалт авах гэсэн этгээдүүдийн хуурамч мэдээлэлд итгэхгүй байхыг хүсье” гэж нийтэлжээ.

Тэдний биеийн байдал хэвийн, давтан шинжилгээний хариу сөрөг гарсан тухай ЭМЯ өдөр бүр мэдээлж байгаа. Мөн тусгаарлагдаж буй 14 хоногийн хугацаа нь маргааш дуусаж байгаа юм байна.