Цагаан сарын баярын үеэр гудамжинд ЭРГҮҮЛ гарч иргэдэд шаардлага тавихын зэрэгцээ ЗАМУУДЫГ хязгаарлана

Цагаан сарын баярын үеэр гудамжинд ЭРГҮҮЛ гарч иргэдэд шаардлага тавихын зэрэгцээ ЗАМУУДЫГ хязгаарлана

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Цагаан сарын баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс уг баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг зарлигдсаны зэрэгцээ айл хэсч золгуут хийлгээгүйгээр онлайнаар холбогдож мэнд мэдэх уриалгыг өнөөдөр өглөө гаргалаа.

Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл өнгөрсөн амралтын өдөр мөн адил уриалга гаргаж “Хүн бүр дор бүрнээ өндөр сэрэмжтэй байж хувийн ариун цэврийг чанд сахих улмаар Цагаан сар тэмдэглэхгүй байхыг иргэдээс хүссэн” билээ.

Тэрбээр бид нэг л алдвал тэр үед оройтсон байх болно гэдгийг хатуу сануулсан.

Д.Сарангэрэл сайдын уриалгын дараа Хотын дарга С.Амарсайхан Нийслэлийн онцгой комиссыг хуралдуулан "Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх уриалга, зөвлөмжид хяналт тавих, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Хүн олноор цугладаг гэр болон амралтын газруудад хяналт тавьж ажиллана. Урьдчилан сэргийлэх тал дээр нийтийн тээврийг хүртэл зохицуулалт хийх ёстой. Ариутгалыг маш сайн хийх ёстой"  гэдгийг мэдэгдэж холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгсөн. 

Тэгвэл Хотын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг, даалгаврын дагуу ямар ажлууд хийгдэх вэ гэдэг нь олны анхаарлыг татаж байна.

-ЭРГҮҮЛҮҮД ШААРДЛАГА ТАВИХ БОЛ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ, ЦАГДААГИЙХАН ТОРГОНО-

Нийслэлийн онцгой комиссын мэдэгдэж буйгаар Цагаан сарын баярын үеэр гарах хөл, хөдөлгөөнийг зохицуулах иргэдийг олноор айл хэсүүлэхгүйн тулд гудамжинд эргүүлүүд гаргаж ажиллахаар болсон байна.

Эдгээр эргүүлүүд иргэдийг торгох зэрэг шийтгэл ногдуулахгүй ч “Та нус, шүлсээ хаяхгүй байна уу. Маскаа зүүнэ үү” гэх зэрэг шаардлагыг тавих аж.

Харин Мэргэжлийн хяналтын байцаагч нар болон цагдаагийн албан хаагчид мөн адил эргүүлүүдтэй адил ажиллаж шаардлага тавихын зэрэгцээ ТОРГОНО. Хуулиар олгогдсон эрх нь тэдэнд бий билээ. 

Цагаан сарын үеэр Онцгой байдал болон цагдаагийн алба хаагчид гамшгаас хамгаалах бэлэн байдалд ажиллаж хяналт шалгалтыг чангатгана. Олноороо айл хэсч буй иргэдэд шаардлага тавина гэсэн үг.

-Ч.ЧИМЭДБАТ: ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН ЗАМУУДАД ТАВИХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫГ ЧАНГАТГАНА-

Тээврийн цагдаагийн газраас замыг хэсэгчилж хаах шийдвэр одоогоор гараагүй ч бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана. Нэн ялангуяа сүүлийн өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнийгээ дагаад хүн, ачаа хэтрүүлэх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил дутагдал их гарч байна. Бид уг зөрчлыг арилгах зорилгоор хяналт, шалгалтыг чангатгана гэж ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч Д.Чимэдбат хэллээ. 

-Т.БАДРАЛ: ЗАРИМ ЗАМУУДЫГ ХААНА-

Харин Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал "Энэ бол хувь хүмүүсийн ухамсартай холбоотой асуудал. Иргэд өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж Цагаан сарын баярын тэмдэглэхгүй байхыг уриалж байгаа. Цагаан сарын үеэр хөл, хөдөлгөөнийг хянах үүднээс зарим замуудыг хаана. Тэгэхээс өөр арга байхгүй. Хэрвээ золголт, шинэлэлтээ зогсоохгүй бол тухайн хүнд хариуцлага тооцоод явна. Үүн дээр төрийн захиргааны албан хаагчид ажиллана. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн төвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын төвшинд сул байгаад байна" гэсэн юм.